Гарааш буулгалт, орц гарц чөлөөлөлтийн ажлууд өнөөдрөөс эхэлнэ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд 2022 онд 50 байршилд 1,300 орчим гарааш буулгаж тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоол барихаар төлөвлөсөн. Үүний хажуугаар явган хүний зам, авто замын орох орц гарцыг нэмэгдүүлэх зорилгоор "Хашаа" арга хэмжээг хийж байна хэмээн тус дүүргээс мэдээллээ.
Орц гарц чөлөөлөгдсөнөөр иргэдийн явган болон автомашинаар зорчих гарц, замууд нэмэгдэж түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой.
Харин гараашнуудыг буулгаснаар иргэдийн амьдарч, ажиллаж байгаа газрын ойр орчимд нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилт хийгдэж иргэндээ ээлтэй орчин бүрдэнэ гэж тооцоолжээ.
Тиймээс иргэд дүүрэг орон нутгаас хийж хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж, шаардлагатай санал хүсэлтээ өгч, хамтарч ажиллахыг уриаллаа.
Энэ онд Улаанбаатар хотын 188 байршилд 4,800 гарааш буулгах чиглэлийг есөн дүүргийн удирдлагуудад өгөөд байгааг Хотын дарга мэдэгдсэн билээ.