Гадаад харилцааны яамнаас Украин улсаас иргэдээ татаж авах асуудлаар мэдээлэл өглөө.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Энэ жилийн хувьд Украинд нийт 68 оюутан сурч байгаа. 22 иргэн байнгын аж төрж амьдардаг ба ихэнх нь Украин улсын иргэнтэй гэр бүл болсон, олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс. Тэдгээр иргэн ирэх сонирхлоо илэрхийлээгүй.
Өнөөдрийн байдлаар сарын хугацаанд 41 оюутан эх орондоо буцаж ирсэн. 27 оюутан Украинд байна.Өчигдөр холбоо бариад, ГХЯ цахимаар уулзалт хийсэн.
Оюутнууд маань янз бүрийн шалтгаанаар эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрчихлээ. Шалтгаан нь төгсөх курсийн оюутнууд, мөн хэлний бэлтгэлд сууж байгаа. Оюутнууд эхнээсээ эх орондоо ирэх хүсэлтээ гаргаж эхэлсэн. ГХЯ сарын өмнөөс эрсдэлийн төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Одоо олон улсын нислэгүүд цуцлагдсан байдалтай байна.
Бид эхний ээлжид хоёрдугаар сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудаа зардлыг нь төлөөд авчиръя гээд зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Мөн зургаан оюутныг дараагийн ойрын нислэгт захиалсан. Нисэж болохгүй тохиолдол газраар буюу Польшоор дамжуулж авах арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл, Франкцурт, Истанбулаар дамжих олон улсын нислэг цуцлагдахгүй бол шууд ирнэ. Хэрэв бүх нислэг зогсчихвол машинаар Польш руу тээвэрлэнэ" гэсэн мэдээллийг өглөө.