Татан буугдсан “Капитал банк” ХХК-д байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцжээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Капитал банкийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр татан буулгахад ЭМДЕГ, НДЕГ-т нийтдээ 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарсан. Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны харилцахад байсан бэлэн мөнгөний үлдэгдлээс хоёр даатгалын санд тус бүрт нь 7.7 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Мөн битүүмжилсэн эд хөрөнгөөс ЭМДС-д 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, НДЕГ-т 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. ЭМДЕГ, НДЕГ шилжүүлэн авсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, хөрөнгийг санд төвлөрүүлж байна.
Өнгөрсөн амралтын өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудыг байлцуулж Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны барьцаанд болон өөрийн өмчлөлд байсан бусад эд хөрөнгийн жагсаалтыг танилцуулсан. Мөн авбал зохих хувь хэмжээгээр нь хувь тэнцүүлж шилжүүлэхээр тохиролцсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий бусад эд хөрөнгийг дээр дурдсан хоёр санд хувь тэнцүүлэн шилжүүлэн өгөхийг холбогдох байгууллагад үүрэг болгосон. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын одоо авбал зохих хөрөнгийн хэмжээ бол 91.9 тэрбум төгрөг. Харин Нийгмийн даатгалын ерөнхий газрын үлдэгдэл 74.3 тэрбум төгрөг байгаа. Капитал банкны битүүмжлэгдсэн үнэлгээ тогтоогдсон хөрөнгийн нийт үнэлгээ 118 тэрбум төгрөг болсон. Энэ 118 тэрбум төгрөгийн эд бүхий хөрөнгийг хувь тэнцүүлэн шилжүүлэн өгнө.
Тус 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг танилцуулбал:
-Үйлчилгээний обькт-44 ширхэг-үнэлгээ 52.4 тэрбум төгрөг
-Үйлдвэр-7 ширхэг-үнэлгээ 1.9 тэрбум төгрөг
-Орон сууц-46 ширхэг- үнэлгээ -32 тэрбум төгрөг
-Газар -82 ширхэг-үнэлгээ 26.6 тэрбум төгрөг
-Зоорь -4 ширхэг-үнэлгээ 2.3 тэрбум төгрөг
-Дуусаагүй барилга -3 ширхэг- үнэлгээ 656 сая төгрөг
Фермийн барилга- 7 ширхэг-үнэлгээ 228 сая төгрөг
-Агуулах, гараж-6 ширхэг-үнэлгээ 564 сая төгрөг
Эдгээр барилгуудыг дээр дурдсан хоёр санд шилжүүлэн өгөх ажлыг ойрын хугацаанд хийгдэж дуусна" гэсэн мэдээллийг өглөө.