Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг гаргалаа. Хоёрдугаар сарын 21-нд төвийн аймгуудын зарим газар болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.
Салхи 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч сулрах юм байна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.