8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Алтансүх: Мэргэжлээ сонгоход хамгийн чухал нь өөрийгөө таних

2022-01-13 10:54:00

4 ЖИЛД 3 ИХ НАЯДЫН АЛДАГДАЛ

Монголын цахим институтын захирал, судлаач Л.Алтансүхтэй мэргэжил сонголтын талаар ярилцав.

-Мэргэжлээ зөв сонгохоос тухайн хүний амьдралын чанар шалтгаалах байх. Тиймээс мэргэжил сонголтод зайлшгүй анхаарч хөрөнгө мөнгө зарах тухай ч бас яригдаж байна. Танай институт энэ тал дээр сүүлийн жилүүдэд нэлээд анхаарч ажиллаж байгаа гэж байсан?

- Чухал сэдэв хөндөж байгаа танай сонинд талархая. Хүн амьдралдаа олон сонголтуудтай мөч бүхэнд таарч байдаг. Энэ бүхнээс хамгийн чухал хоёр сонголтыг нэрлэж болно. Энэ нь ханиа сонгох, мэргэжлээ сонгох юм. Мэргэжлээ онож сонгоогүй, амжилт тааруутай хүнд ямар хань олдохыг та лав надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Иймд хүний амьдралын хамгийн чухал  сонголт болох мэргэжил сонголтыг хэрхэн зөв, оновчтой хийх вэ гэдэг асуудалд хүн бүр анхаарч, цаг зав гаргаж, хөрөнгө санхүүг зарцуулах хэрэгтэй байгаа юм. Энэ таны ирээдүйн хүсэл зориг, цаг хугацаа, санхүүгийн томоохон алдаанаас урьдчилан сэргийлэх ухаалаг алхам болно. Манай улс хүний хөгжлийн индексээр олон улсын түвшингөөс доогуур бөгөөд сүүлийн жилүүдэд ямар нэгэн ахиц өөрчлөлт гарахгүй, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж гадаадад гарч ажил хийхээс өөр гарцгүй нөхцөлд амьдарцгааж байна. Үүний үндсэн шалтгааныг харах хэрэгтэй. Их дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцаж байгаа оюутнууд  өөрт тохирсон, мэргэжлээ сонгон суралцаж чадаагүйгээс хөдөлмөрийн зах зээлд чанартай хүний нөөц нийлүүлэгдэж чадахгүй байна.

Мэргэжил сонголтын талаар ямар судалгаанууд байдаг вэ?

   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын институтээс гаргасан “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2020”-д  тодорхой цаг хугацаа хөрөнгө зарцуулан эзэмшсэн мэргэжилдээ дургүй, тохирохгүй өөр чиглэлийн ажил хийх байдал Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг төгссөн хоёр төгсөгч тутмын нэгд, их дээд сургууль төгссөн арван  төгсөгч тутмын гуравт тохиолдож байгаа нь анхаарахгүй орхиж болохгүй үзүүлэлт юм” гэжээ. Мөн Монголын оюутаны холбооноос хийсэн судалгаагаар “Жилдээ 30 орчим мянган оюутан төгсөж тэдний гуравны нэг нь  мэргэжлээрээ ажил эрхэлдэг гэсэн байна. Мэргэжил сонголт болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох,  зөвлөх үйлчилгээг жилд дунджаар 20 гаруй  мянган иргэнд хүргэдэг ч эцсийн үр дүн нь хөдөлмөрийн зах зээл дээр 30 хувь нь сонгосон мэргэжилдээ дургүй, 70 хувь нь  мэргэжлээрээ ажилладаггүй” гэж дурьдсан байна. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2016 онд 245475 оюутнаас авсан судалгаагаар тэдний 60 хувь нь “Мэргэжлээ солих буюу өөр мэргэжлээр сурах бодолтой байна” гэжээ. Энэ мэт олон судалгаанууд байгаа.

-Тэгвэл дургүй мэргэжлээрээ сурч төгссөний эдийн засгийн тооцоог нь гаргаж үзэв үү?

      - “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2016 онд 245.475 оюутнаас авсан судалгаагаар тэдний 60 хувь нь мэргэжлээ солих буюу өөр мэргэжлээр сурах бодолтой байна” гэсэн судалгааны эдийн засгийн тооцоог гаргавал мэргэжлээ солих бодолтой байгаа 150 мянган оюутны сургалтын дундаж төлбөр, оюутны жилийн зардал нийлээд ойролцоогоор таван сая төгрөг болно. Үүнийг дөрвөн жилээр үржүүлэхэд гурван  их наяд төгрөг болж  байгаа юм. Энэ их үнэ цэнэтэй мөнгийг дөрвөн жил тутам үр дүнгүй, салхинд хийсгэж байна гэсэн үг. Бусад хөгжингүй орнууд  хүүхдүүдийг бага наснаас нь төрөлх ур чадвар, авьяас, сонирхлыг нь шинжлэх ухааны ололтод тулгуурлан тодорхойлж,  VIII ангиас нь мэргэжил сонголтын тусгай хөтөлбөрт хамруулан, мэргэжлийг зөв сонгуулж байна.  Энэ нь иргэд өөрт тохирсон мэргэжлээ сонгон суралцаж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, мэргэшсэн хүний нөөц нийлүүлэгдэн, ажилгүйдлийн түвшин тун бага байх нөхцлийг бүрдүүлж байна.

-Мэргэжил сонголтын ямар аргууд байна. Өмнө нь цаасан тест бөглүүлж авдаг байсан санагдана. Одоо олон үр дүнтэй аргууд нэвтэрсэн байх л даа?

-Монголын цахим институт 2014 оноос эхлэн Мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ явуулж ирсэн. Эхний үед мэргэжил сонголтын цаасан суурьтай тестээр мэргэжилд тохирох зан төлөвийг тодорхойлон зөвлөгөө өгч байлаа. Цаасан суурьтай тест нь нэлээдгүй сул талтай байсан. Үүнд: Оролцогч асуулгыг буруу ойлгох, ач холбогдол өгөлгүй бөглөх, залхуурч нэгэн хэвийн бөглөх, ойлгохгүй байх зэрэг сул талууд байсан. Иймд бид Орос, Америк улсын эрдэмтдийн гаргасан, дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрөгдөн, хэрэглэгддэг, программд суурилсан тестээр  хувь хүнийг генетик болон тоон мэдээллийн түвшинд  тестлэж, цаашид хөгжүүлж болох  авъяас, ур чадвар, хувь хүний онцлогийг нээн илрүүлж, мэргэжил сонголтын тестээр хувь хүнд тохирох мэргэжлүүдийг гаргаж, зөвлөгөө өгөх  үйлчилгээг цогцоор  үзүүлж байна.

-Тест, зөвлөгөөнийхөө талаар товчхон танилцуулаач?

Манайх хувь хүний онцлогийг таних, мэргэжил сонголтын чиглэлээр доорх 4 үйлчилгээг үзүүлж байгаа. Үүнд:

- Генетик тестээр 21 төрлийн шинжийг илрүүлнэ. Тухайлбал, тохиромжтой боловсролын төрөл, харилцааны ур чадвар, дүн шинжилгээ хийх чадвар , практик ажлын чадвар, шинжлэх судлах шинж чанар илэрнэ. Түүнчлэн шинэ санаа гаргах болон удирдах чадвар, спортлог шинж чанар гэх мэт  бүтээх туурвих шинж чанар, багаар ажиллахад гүйцэтгэх үүрэг, мэргэших чадвар эрүүл мэндийн эрсдэл, жин нэмэх хандлага, хамаарал буюу донтолтын магадлал. Мөн  бие бялдрын ерөнхий үзүүлэлтүүд, багийн спортод гүйцэтгэх үүрэг, амжилт гаргах спортын төрлүүд болон мэдрэлийн тогтолцооны үзүүлэлтүүд тодорхой болно.  Мөн баг хамт олон, нийгэмд дасан зохицох чадвар, темперамент төрөлх зан төлөв, шинэ зүйлийг хүлээн авах чадвар  гэх мэт ийм олон онцлог шинжүүдийг илрүүлнэ. Энэхүү тестээр 3-аас дээш насны бүх хүн оношлуулах боломжтой.

 - Тоон мэдээллийн тест нь тухайн хүний зан чанар,эрч хүч, харизм, танин мэдэх сонирхол, бүтээлч байдал, эрүүл мэнд, логик сэтгэлгээ, хөдөлмөрлөх чадвар , азтай байдал, аз тэтгэх, үүрэг хариуцлага хүлээх байдал, санах ой, оюун ухаан, өөрийгөө үнэлэх, авъяас, материаллаг байдал, зорилгодоо хүрэх эрмэлзлэл, гэр бүлсэг байдал, тогтвортой байдал, оюун санааны чадавхи зэрэг 16 онцлог шинжүүдийг илрүүлнэ. Бүх насны хүн хамрагдах боломжтой.

- Мөн Мэргэжил сонголтын тест хийгдэж байгаа. Үүнд 8-12-р ангийн сурагчид хамрагддаг.

-Мэргэжил сонголтын сургалт, зөвлөгөөний үе шат,дараалал бас чухал хэсэг.

-Ямар аргаар тестлэх вэ?

Доох тестүүдээр хүн амьдралдаа ганцхан л удаа тестлүүлэхэд хангалттай бөгөөд насан туршдаа ШУ-ны үндэслэлтэй хувийн хэрэгтэй болж байгаа гэсэн үг юм.

- Генетик тест нь Дерматоглифика буюу хүний гарын алга, хурууны хээг судалдаг шинжлэх ухаанд суурилдаг. Дерма – арьс, тоглифик - зураг буюу латинаар арьсан дээрх зураг гэсэн ойлголт. Хүний уураг тархи эхийн хэвлий дэх ургийн зургаан долоо хоногт, гарын хээ 13-н долоо хоногт үүсэн бий болдог.  Хүний уураг тархи ба гарын хээ нэг эд эсээс үүсч, шинж тэмдэгүүд нь хоорондоо нягт уялдаж бүрэлдэн хөгждөг. Хурууны хээ нь тухайн хүний уураг тархины хөгжлийг илэрхийлж чадах ил харагддаг чухал элемент юм. Хурууны хээний энэ шинж чанар дерматоглификийн шинжлэх ухааны үндсэн бодьтой байдлын баталгаа болж байдаг.  Гарольд Камминс  Дерматоглификийн “эцэг”, Анагаахын шинжлэх ухааны доктор. Гарольд Камминс болон Чарльз нар 1926 онд Америкийн анатомын 42 дугаар  чуулганаар “Дерматоглифика” гэдэг нэр томъёог батлуулсан байдаг. Эдгээр эрдэмтдийн зохиосон “Хуруу, алга, улны хээ” /Cummins H., Midlo Ch, 1961/ нэртэй бүтээл антропологичид болон биологчдын  дерматоглификийн судлаачдын ширээний ном болсон.

-Тоон мэдээллийн тестийг Оросын эрдэмтэд  гаргасан. Энэ тест нь тухайн үйлчлүүлэгчийн ургийн овог, овог, нэр, төрсөн он сар өдөр гэсэн мэдээлэл шаардагдана.

-Мэргэжил сонголтын Ж.Холландын тестийг ихэвчлэн ахлах ангийн сурагчдад хийдэг. Тус тестийг Америкийн сэтгэл судлаач Джон Льюс Холланд 1966 онд бие хүний тухай онол болон мэргэжил сонголтын онолыг холбосон үзэл баримтлал, арга зүйг боловсруулсан нь олон улс оронд түгээмэл хэрэглэгдэх болсон.

    Хүн бүр байгалиас заяасан өөр өөрийн онцлог шинж чанартай. Энийгээ нэг хэмжиж үзэх, таних хэрэгцээ байдаг. Хэмжээгүй зүйлээ хөгжүүлэх тухай ойлголт нь хэт өрөөсгөл юм. Бид хүүхдээ болон өөрийгөө хөгжүүлнэ гэж их ярьж, хичээдэг хэрнээ хэмжих тал дээр маруухан ойлголттой явсаар ирсэн. Иймээс олон улсад хэрэглэгдэж байгаа шинжлэх ухааны үндэслэлтэй тестүүдээр оношлуулахыг зөвлөж байна.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Үнэхээр гайхалтай мэдээлэл авлаа. танд баярлалаа
2023/05/19 202.21.110.10
  • Recent
  • Most Read
  • Most Comment