Жижиг дунд үйлдвэрлэгчдийг махны машин шиг машиндаж, нядалж байгаа юм бэ
“Шангрилла Улаанбаатар”ХХК дотоодын жижиг түрээслэгчдийг ноцтой хохироож байгаа асуудлаар иргэн Э.Азжаргал мэдээлэл хийлээ. Маяара брэндийг үүсгэн байгуулагч Э.Азжаргал "Дотооддоо үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зүтгэж байгаа жирийн нэгэн эмэгтэй, жижигхэн үйлдвэрлэгч байна. Компаниа 2018 онд байгуулсныхаа дараа Шангрилла-д түр түрээслэгч байсан. 2 жилийн дараа Шангриллаагаас надад 73 ам метр талбайг түрээслэх санал тавьсан. Цементэн талбай хүлээж аваад түүнийгээ тохижуулахад 100 гаруй сая төгрөгийн зээл авч, олон улсын стандартад нийцсэн тохижилт хийсэн. Гурван жилийн хугацаанд энэ талбайд үйл ажиллагаа явуулна гэж тооцоод маш их хэмжээний зардал гаргасан. Гэтэл үйл ажиллагаагаа явуулаад 3 сарын дараа түрээсийн төлбөрөө 14 хоногоор хоцроосон гэдэг шалтгаанаар гэрээгээ цуцалсан. Ингэхдээ 14 хоногийн хугацаанд алданги тооцож байсан. Миний барьцааны мөнгө болох 14 сая төгрөг энэ компанийн дансанд байсан. Гэтэл бараа бүтээгдэхүүнийг маань лацдаж, цагаан сарын үеэр ямар ч борлуулалт хийх боломжгүй болгосон. Намайг хөөж гаргасан. Энэ үед хөл хорионд орж байсан. Яагаад намайг хөөж гаргаж байгаа юм бэ. Яагаад ядарсан жижиг дунд үйлдвэрлэгчийг хохироож байгаа юм бэ. Шангрилла- Улаанбаатар гэдэг компанийн хөрөнгийн менежментийн газрын захирал Алтанчимэг, Булгантуяа нар бизнесийн ёс зүйгүй байдлыг бий болгож байна. Үүнийг би биш маш олон түрээслэгч нар хэлж байна. Өнгөрсөн жилийн 1 дүгээр сарын 24-ний өдөр 10 гаруй түрээслэгч нар уулзалдаад энэ компанид дуу хоолойгоо хүргэе гэсэн. 25-нд нь албан бичиг өгсөн. Гэтэл маргааш нь миний гэрээг цуцалсан. Хүчтэй нь хүчгүйгээ идэж, бизнесийг том жижгээр нь ялгасан. Тэдгээр түрээслэгч нараас хамгийн жижиг нь, хамгаалах хүнгүй нь би л байсан. Бусад олон улсын брэнд, мөнгө төгрөгтэй хүмүүс байсан. Би худлаа юм яриагүй. Надад баримт байгаа.
-Би шүүхдсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр миний талд гарсан. 100 гаруй сая төгрөгөөр хохирсон боловч шүүхээс 60 сая төгрөгөөр хохироосон байна гэдгийг тогтоосон. Гэтэл цаг хугацаа хожих гэж байгаа юм шиг Дээд шүүхэд хандсан. Гэтэл Дээд шүүхэд өчнөөн хэрэг овоорчихсон, миний хэргийг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна. Хэдэн сар хүлээж байна.
Ж.Оджаргал захирлаа танийг Монголын мундаг бизнесменүүдийн төлөөлөл гэж боддог байсан. Та над шиг жижиг дунд үйлдвэрлэгч байсан. Гэтэл таны дор ажиллаж байгаа менежментийн компани чинь ёс зүйгүй байдал гаргаж байгааг та мэдэх үү. Олон улсын стандартын нэвтрүүлсэн компани байж яагаад дотоодынхоо жижиг дунд үйлдвэрлэгчдийг махны машин шиг машиндаж, нядалж байгаа юм бэ. Ашигтай санал тавьж оруулчихна. Дараа нь хөөгөөд гаргачихдаг. Махыг нь мөлжөөд ясыг нь хаяж байгаа аятай байна. Миний 100 сая төгрөгөөр тохижуулсан талбай дээр өөр түрээслэгч оруулчихсан байгаа нь ямар ашиг сонирхол байгаа юм бэ гэдгийг асуумаар байна!!” .Над шиг хохирсон хүмүүс байвал, надтай холбогдохыг хүсэж байна. Би мэдээллийг чандлан хадгална. Би ёс зүй хүнлэг сэтгэл гаргаж, миний асуудлыг шийдэж өгөөчээ. Би шударга үнэнг хүсэж байна. " гэсэн мэдээллийг өглөө.