2022 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
- Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
- Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
- Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
- Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Хангайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 4–8 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас ОЖД–аас бага орох төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–4°С–аар хүйтэрнэ.Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй байна.Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Хэнтийн ихэнх нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–4°С–аар хүйтэрнэ.Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй байна.Салхи ихэнх хугацаанд 4–8 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, хур тунадас Дундговийн хойд хэсгээр ОЖД–аас бага, Өмнөговийн баруун хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–4°С–аар хүйтэрнэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.
Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас дулаан (тодруулбал: Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар), бусад нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас ахиу, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтийн ихэнх нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим цас орох төлөвтэй байна.
Арав хоног болгоны дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтрэнэ. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12–14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.