8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд аймгийн баялгийг “зарж идсэн” дарга нарт ял оноож, 10-аад тэрбум төгрөгөөр торголоо

2021-12-06 10:19:51

Ховд Аймгийн Цэцэг Сумын Нутаг Дахь Мянган Угалзатын Нурууны Тусгай Хамгаалалттай Газраас Хууль Зөрчин Ашигт Малтмал Олборлож, Түүнийгээ Хилээр Гаргахын Тулд Албан Тушаалтнуудад Хээл Хахууль Өгсөн Хэрэгт Холбогдсон 30 Хүний Гэм Буруутай, Эсэхийг Баянгол Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүх 13 Өдөр Хэлэлцлээ.

Хууль бусаар гянтболд олборлож, БНХАУ руу гаргасан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх хэрэгт УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан Ч.Батсансар, “Өгөөжтэй өв” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Нуурын Чинбаа” гэх хочтой С.Чинбат, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тус аймгийн Цагдаагийн газрын дарга асан Ц.Ганболд, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов тэргүүтэй 30 хүнийг буруутган НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлснээс байдаг.Тэд Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай нутгийн Цагаан эрэг гэх газраас хууль бусаар гянтболд олборлож, БНХАУ руу гаргасан гэх хэрэгт холбогдсон юм.

– Нийслэлийн Прокурорын газраас: Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ, Да.Пүрэвдорж, С.Чинбат, Б.Ганзориг нарт холбогдуулан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элссэн гэх, Кожинов Марк Александрович нарт холбогдуулан хууль бусаар ашигт малтмал олборлох гэх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

– Шүүгдэгч Р.Баатархүүг хууль бусаар ашигт малтмал олборлох, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 8 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Б.Үнэнбатыг хууль бусаар ашигт малтмал олборлох, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 6 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Х.Бат-Эрдэнийг хууль бусаар ашигт малтмал олборлох, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 4 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Б.Ганзоригийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Г.Эрдэнэ-Очирыг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч С.Чинбатыг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

– Шүүгдэгч Кожинов М.А, Гуськов И.В, Ц.Мягмарсүрэн, Г.Одхүү, Г.Баянмөнх, Б.Сүхбаатар, Дэ.Пүрэвдорж, Ж.Мөнхзориг, Ж.Өнөржаргал нарыг хахууль өгөх, авах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Кожинов М.А, Гуськов И.В, Ц.Мягмарсүрэн, Г.Одхүү, Г.Баянмөнх нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

– Шүүгдэгч Да.Пүрэвдорж, Б.Сүхбаатар, Дэ.Пүрэвдорж, Ж.Мөнхзориг, Ж.Өнөржаргал нарт торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

– Н.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Г.Нямдорж, Г.Пүрэвганди, Ч.Батсансар, Ч.Уранчимэг, П.Галцог, Ц.Ганболд, Ч.Галбадрах, Д.Цогбадрах, Ш.Санчир, Д.Хэрлэнчимэг, Н.Энхмандах нарын нэр бүхий 13 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн, хууль бусаар ашигт малтмал олборлосон, хахууль авсан гэх гэмт хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.

Шүүгдэгч Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ, Да.Пүрэвдорж, Б.Ганзориг, Г.Эрдэнэ-Очир, С.Чинбат нараас хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэргийн хохиролд тооцож нийт 5.308.517.248 төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгож, Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож шүүгдэгч Ц.Мягмарсүрэнгээс 6.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг, Г.Ганзоригоос 3.000.000 төгрөг, Б.Сүхбаатараас 5.800.000 төгрөг, Дэ.Пүрэвдоржоос 8.300.000 төгрөг, Ж.Мөнхзоригоос 30.000.000 төгрөг, Ж.Өнөржаргалаас 30.000.000 төгрөг, Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ нараас тус бүр 5.344.533.333 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл