Дөрөлж нууранд шатахуун ачсан автомашин нуур руу цөмөрч живсэн талаар өмнө бид мэдээлсэн. Тус машиныг татаж гаргах ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт “Дөрөлж” нуур руу цөмөрч орсон тухай дуудлагыг 12 дугаар сарын 01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг 09:00 цагт эхлүүлж, мөсийг хөрөөдөж, тус автомашиныг гаргахаар ажилласан боловч үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 17:52 цагт түр зогсоож, 12 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлжээ. Мөсний зузаан 40 см, усны гүн нь 3,1 метр байгаа аж.