УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын Г.Занданшатар Монголбанкны удирдлагуудад хандан ХААН банкны хувьцаа эзэмшлийн асуудлын талаар тодорхой хариулт өгөх ёстой гэдгийг хэллээ.
Тэрбээр сүүлийн үед ХААН банкны хувьцаа эзэмшигчдийн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл гарч байна. Монголбанкны удирдлагуудад Банкны тухай хууль болон Монголбанкны тухай хуулийг чанд мөрдөж, аливаа ашиг сонирхолд авталгүйгээр УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлэхийг даалгаж байна. Банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд томоохон банкуудын талаар худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл гарч байгааг эцэслэн шалгаж, шаардлагатай хууль хууль хяналтын байгууллагаар шалгуулж, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй.
Нэн ялангуяа нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшихийг хуулиар хатуу хориотой. Шинээр батлагдсан банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн нийт төвлөрлийг 20 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан. Энэ дагуу банкны хувьцаа эзэмшигчийн өгч байгаа мэдээлэл үнэн зөв байх ёстой.
Худал мэдээлэл гаргаж өгсөн бол Банкны тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшлийг хүчингүй болгож, ногдол ашиг хуваарилахгүй байх зохицуулалтыг хэрэгжүүл. Хэрвээ Банкны тухай хуульд заасан зүйл заалтыг чанд мөрдөж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцно. Хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчилд автсан бол өөрсдөө өргөдлөө өгч шалгуулаарай" гэв.