Өнөөдөр Их Эзэн Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”. Энэ өдөр манай улс нийтээрээ амардаг уламжлалтай.
Тодруулбал, Монгол Улсын "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан бөгөөд бүх нийтийн амралтын өдөр байдаг.
“Монгол бахархлын өдөр”-өөр Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд ажиллахгүй. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амардаг. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Харин энэ жилийн тухайд Монгол бахархлын өдөр буюу өнөөдөр Чингис хаан одонг гардуулахгүй. Коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш тус одонг олгохгүй хоёр дахь жилдээ өнжиж байгаа хэдий ч өнгөрсөн хавар хоёр удаа нөхөн олгосон. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 22-нд сансрын нисэгч Ж.Гүррагчаа, тавдугаар сарын 29-нд Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Чингис хаан одон гардуулсан юм. Тийм учраас энэ жилийн хувьд "Чингис хаан" одонг олгохгүй өнжих аж.