8o
Улаанбаатар хот
mobile menu

Хонхор, Морингийн даваа орчимд шинэ суурьшлын бүс байгуулна

2021-10-14 13:00:00

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж “Хөгжлийн үүд” төслийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа. Энэхүү төслөөр нийслэлийн Налайх дүүргийн Хонхор орчимд “Хөгжлийн үүд”, баруун хэсэгт “Морингийн даваа” орчимд жишиг шинэ суурьшлын бүсийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг боловсруулсан байна. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Налайх дүүргийн 3, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Хонхор орчимд “Хөгжлийн үүд” төслийн хүрээнд 4725 өрхийн 16065 хүн ам байнга оршин суух шинэ суурьшлын бүсийг байгуулах бөгөөд нам болон өндөр давхрын инженерийн хангамжтай орон сууцаар хангах аж. 

Энэ ажлын хүрээнд нийт 6400 ажлын байр бий болох бөгөөд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Нэгж талбарууд нь орон сууц, олон нийтийн барилга байгууламж, ногоон байгууламж, тохижилттой байхаас гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спортын барилга байгууламж зэрэг нийгмийн үйлчилгээг бий болгохоор тооцжээ. Мөн энэ суурьшлын бүсэд гол төлөв хүнсний боловсруулах болон сав баглаа боодол, оёдол, гар урлал зэрэг хөнгөн үйлдвэрлэлийн барилга байгууламжууд бий болох юм. 

Харин “Морингийн даваа орчимд 5325 өрхийн 21298 хүн оршин суух шинэ суурьшлын бүсийг бий болгоно. Нийт 2010 хүүхдийн суудалтай зургаан сургууль, 4080 хүүхдийн зургаан цэцэрлэг, 490 ортой эмнэлэг энэхүү бүсэд тус тус төлөвлөгджээ. Суурьшлын бүсийн төслийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Энэ ажилд нийслэлийн төсвөөс 212 тэрбум төгрөг, хувийн хэвшлээс 873 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх аж. 

Хонхор, Морингийн даваа орчимд шинэ суурьшлын бүс байгуулна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл