“Монголын Эмэгтэйчүүдийн Хороо”-г 25 жил удирдсан, XX зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Сономын Удвалын 100 жилийн ой энд онд тохиож буй. Тус ойн хүрээнд МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийн санаачлагаар болон “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл “УЛААН ЦЭЦЭГ” УСК бүтээж буй.
Тус киноны хөдөө орон нутгийн зураг авалтыг Төрийн соёрхолт зохиолч С.Удвал агсны төрөлх нутаг болох Булган аймагт хийж байна. Уг кино төслийн санаачлагч МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл уран бүтээлчдийн багт ажиллаж буй залуучуудаа дэмжиж, өнгөрсөн амралтын өдөр Булган аймагт ажиллажээ. Тэрээр төслийг дэмжиж, түүхэн хүний дүрийг мөнхлөхөд дэмжлэг үзүүлж байгаа Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон ЗДТГ-ын хамт олон, сайн дураараа дэмжин оролцож байгаа Булган нутгийн ард түмэнд баярласан талархсанаа илэрхийлжээ.
Ядуу ардын өнчин охины ээдрээт хувь заяа хэрхэн эргэж, Монголын төр, нийгмийн зүтгэлтэн болсон тухай, хувийн амьдрал ахуйгүй мэт Монголын нийгмийн сайн сайхны төлөө, охид, эмэгтэйчүүд, утга зохиол, уран зохиолчдын төлөө хоёргүй сэтгэлээр “кино шиг амьдрал”-ыг туулж, зүтгэсэн тэрхүү хичээл зүтгэл тус кинонд дүрслэгдэхээс гадна гол дүрийн амьдралтай хамт тухайн үеийн ХХ зууны Монгол Улсын бодит түүх өгүүлэгдэх аж.
Киног 2022 оны эхний улирал буюу 3 сарын 8 -нд нээлтээ хийн дэлгэцэд гаргахаар төлөвлөж байгаа аж. Кино зураг авалт Булган аймгийн төв болон Орхон, Бугат, Хишиг-Өндөр, Гурванбулаг сумдуудад хийгдэж байна.