Ардчиллыг устгаж байгаа гэх Ардчилсан намыхан сонгуулийн өмнө “алалцаж” байна. Ил цагаандаа гарсан тэмцэл олон янзын шалтгаантай. Өнгөн дээрээ улс эх орныхоо төлөө мэт харагдавч өнгийгөөд харвал өөрсдийн эрх ашиг, бизнес цаашлаад бие биенийхээ халаасанд гараа дүрсэн улс төрчдийн бүлэглэл байдаг нь хэнд ч ил болсон зүйл. Гэвч өнгөрсөн сонгуулиар “Эвтэй байхдаа хүчтэй” хэмээн гарч ирсэн АН-ынхан өнөөдөр эвдрэлцэж, өөрийг нь чадахгүй бол өрөөлийг нь “аавынх” руу явуулж байгаа нь юуны дохио вэ. Эв түнжин хагарна гэдэг угаас сайн зүйл биш. Тиймээс ирэх сонгуулийн өнгөө өөрдсөө тодорхойлж, эвсэж орох хүчээ сулруулж байгаа хэрэг биш гэж үү.
Улс төрийн үйл явц ойрын өдрүүдэд тун ширүүхэн өрнөж эхэллээ. Хоёр хоногийн өмнө Н.Алтанхуяг удаан хийгээгүй мэдэгдлээ сүр дуулиантайхан хийлээ. Тэрээр мэдээлэл хийх үеэрээ “Монголд шударга ёс алдагдаж, хуйвалдааны бүлэглэлүүдийн үйл ажиллагаа хэрээс хэтэрсэн. Мөн цаашдаа ардчилал, шударга ёсыг хамгаалахын тулд хуйвалдааны бүлэглэлүүдийг илчлэхээс өөр аргагүй болсон гээд, нэр цохон хэлсэн юм. Монгол Улсынхаа эрх ашиг, шударга ёсны төлөө үгсэн хуйвалдсан, хуйвалдааны бүлэглэлүүдийг ил тод хэлэхээс өөр аргагүй боллоо. Тэр хүн бол шударга ёс хэмээн гарч ирсэн Ц.Элбэгдорж юм.Гэвч бодит байдалд төрөөс төрсөн тэрбумтан, хуйвалдааны бүлэглэлүүдийн ард Ц.Элбэгдорж байна. Ардчиллыг хамгаалахын төлөө энэ бүлэглэлтэй тэмцэх ёстой. Монгол Улс маань мандан бадраг” гэж хэлэв. Үүнийг сонссон Ерөнхийлөгч мөн л чимээгүй сууж чадалгүй тэр дор нь хариуг нь барьсан. Энэ мэт зөрчилөөс харахад АН-ын бугшсан “идээ бээр” одоо л хагарах дөхөж байгаа бололтой.
Өчигдөр шинэ нам мэндэллээ гэсэн мэдээлэл нэлээд гарлаа. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга,О.Баасанхүү, Л.Цог тэргүүтэй эрхмүүд Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам байгуулсан талаар мэдээлэл гарч байна. Тус намын даргаар Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн даргаар Р.Бурмаа нар сонгогдсон гэсэн мэдээлэл ч мөн гарлаа. Улс төрийн гуравдагч хүчний орон зайд хүчтэй тэсрэлт хийнэ хэмээгдэж байгаа тус нам баттай байгуулагдсан эсэх нь тодорхойгүй байгаа ч бас үгүйсгэх аргагүй юм. Тус намын дарга гэгдэж байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулга саяхнаас ааш зангаа хувиргаж эхэлсэн.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Х.Баттулга нар гахай, нохойдоо тултал хэрэлдэж, үгэн буугаар байлдаж байсан цаг саяхан. Удаан хугацааны турш таарамж муутай байсан харилцаандаа тэд цэг тавьсан бололтой. Саяхан хонь чоно мэт байсан Х.Баттулга гишүүн Ц.Нямдорж гишүүний гэрээр зочилсон сурагтай. Төрийн ордонд таардаггүй гишүүд ямар тактик боловсруулан уулзалдсан нь тодорхойгүй байгаа ч улс төрийн цаашдын төлөвлөгөөгөө боловсруулсан нь ойлгомжтой. Женко чухам юу сэдчихээд сөрөг намын "өстөн” Ц.Нямдоржтой уулзсан гэдэг нь тун сонирхолтой байна. Сонгууль дөхөж улс төрийн нөхцөл байдал хурцадсан энэ үед сэм сүжрэх болсон нь учир шалтгаантай байж таараа.
Женко чухам юу сэдчихээд сөрөг намын "өстөн” Ц.Нямдоржтой уулзсан гэдэг нь тун сонирхолтой байна.
АН доторх энэ явцыг харахад АН доторх "зодоон" эрчимжиж, фракциудын зөрчил туйлдаа хүрсэнийг илтгэж байна. Ер нь АН-ынхан сүүлийн үед нэгдсэн нэг бодлогод зангидагдаж чадахгүй боллоо. Үүнийг хамгийн том жишээ нь Засгийн газрын асуудал. Ерөнхий сайдын талынхан МАХН-аас ЭМ-ын сайдыг тавина гэж байгаа бол З.Энхболд тэргүүтэй бусад бүлэглэлийнхэн нь ЭМ-ын сайдыг АН-аасаа тавих бүр цаашилбал МАХН-ыг засгаас хөөх асуудлыг ярьж байгаа. Харамсалтай нь талууд тохироонд хүрч чадахгүй байгаа учир өдий хүртэл ямар ч үйлдэл хийж чадахгүй явна. Энэ байдал цаашаа илүү хурцдаж хэн нь аавын хаалга татаж, хэн нь ямар бодлого боловсруулахыг таахын аргагүй байна.