Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олны хэлж заншсанаар далан давхрын оршуулгын газар дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, баталсан байна.
Улмаар оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, 2021-2024 оны хугацаанд дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. Нийт 10 га газрыг хамарсан дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв байгуулах аж.
Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн 7, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга, Зурагт зэрэг гэр хорооллын дунд оршдог. 2015 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийсэн тооллогоор тус оршуулгын газарт 47.3 мянган шарил байгаагийн 15.6 мянга нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байгаа юм.