8o
Улаанбаатар хот
mobile menu

Найман тэрбумын хохирол учруулсан Д.Гүрсоронзыг шүүх хурал болтол цагдан хорилоо

2021-08-13 10:06:30

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн/-г тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад /Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдсэн.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Өмнө нь уг хэргийг шүүхэд ирүүлэхэд яллагдагч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж байсан.

Прокурор хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэн 8.644.301.580 /найман тэрбум зургаан зуун дөчин дөрвөн сая гурван зуун нэг мянга таван зуун наян/ төгрөгийн хохирол бүхий 456 хохирогчид холбогдох 69 хавтаст хэрэг шүүхэд ирүүлжээ. Тодруулбал, “Нарны хүү сарны охин” компани иргэдээс орон сууцны урьдчилсан захиалга авах нэрийдлээр дээрх хэмжээний хохирол учруулаад буй юм.

Уг хэргийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дахин хүлээн авсан бөгөөд энэ сарын 09-нд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал явагдаж яллагдагч нарийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 09:30 цагт хийхээр товлон зарласан байна.

Шүүгдэгч Д.Гүрсоронзод урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хурал болох хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Батбаяр, Д.Одгэрэл нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment