АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж, 2,050 төгрөг боллоо. Шатахууны нэмэгдэлийн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас өчигдөр мэдээлэл хийх үеэр газрын тосны үнэ дэлхийн зах зээлд тасралтгүй өсөж байгаатай холбон тайлбарласан юм.Тодруулбал, ОХУ-аас автобензин тонн тутамдаа 38 ам.доллар, дизель түлш 10 ам.доллароор нэмэгдэж орж ирсэн. Долдугаар сард 665 ам.доллар байсан АИ-92 авто бензиний үнэ сая 733 ам.доллар болж нэмэгдэж орж ирсэн хэмээн тайлбар хийсэн юм.
Мөн дашрамд дуулгахад АМГТГ-аас АИ-95, АИ-98, АИ-92 болон дизель түлш, онгоцны түлш улсын хэмжээнд 30 хоногийн нөөцтэй бөгөөд нөөцийг таслахгүй, хомсдол үүсгэхгүйн тулд БНХАУ-аас АИ-95 болон АИ-98 шатахууныг тодорхой хэмжээнд нэмж авахаар ажиллаж байгаа аж.