Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа дэд консул А.Баярсайхан өөрийн албаны автомашиндаа галт зэвсэг нууж, хууль бусаар хил давуулах гэж байгаад баригдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрбээр Замын-Үүдээс Эрээн хот руу нэвтрэх үедээ гар буу, 200 ширхэг сумны хамт тээвэрлэж яваад саатуулагдсан юм. Хэргийн талаар А.Баярсайхан “Нэг найзынхаа хүсэлтээр албаны машиндаа ачааг нь тээвэрлэж, Эрээн рүү авч явсан. Гэтэл тэр тээшнээс спортын зориулалтын буу, сум илэрсэн” гэж мэдүүлжээ. Ингээд түүний найз С гэгчийг БНХАУ-ын хууль хяналтынхан саатуулж, зэвсгийг нь хураан авч шалгасан бөгөөд шалгалтаар С-ийн авч явсан буу, сум нь спортын төрлийн гар буу, үрлэн сум байсан нь тогтоогджээ. Тиймээс А.Баярсайханыг галт зэвсэгт тооцохгүй хэмээж, БНХАУ-ын Захиргааны хуулиар торгуулийн арга хэмжээ авч, хоёр хоног саатуулаадявуулсан байна. Харин Гадаад хэргийн яам эл зөрчилд холбогдсон дэд консул А.Баярсайханыг албаны автомашинаар буу сум тээвэрлэж, дипломат ёс зүй зөрчсөн гэж үзэн түүнийг эргүүлэн татаж, ажлаас нь чөлөөлжээ.
Хууль бус галт зэвсэгний хэрэгт холбогдсон консулыг эргүүлэн татаж, ажлаас нь чөлөөлжээ
2015-11-24 11:32:00