8o
Улаанбаатар хот
mobile menu

Булган аймагт гарсан ойн түймрийн улмаас 30 га талбай шатжээ

2021-05-10 13:30:00

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сөртийн голын адаг гэдэг газар тавдугаар сарын 6-нд ойн түймэр гарсан. Тодруулбал, тус аймгийн төвөөс зүүн хойш 250 км, сумын төвөөс зүүн хойш 120 км, Хангал сум Хялганат тосгоноос зүүн хойш 130 км-т түймэр гарчээ.

Булган аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэсэг, Хилийн 0286, 0243 дугаар ангийн алба хаагчид, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны алба хаагч нийт 30 хүн, дөрвөн автомашин, есөн морьтойгоор ажиллаж, уг түймрийг цурамд оруулж, бүрэн унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 30 га талбай шатсан бөгөөд борог өвс ихтэй газар байсан аж.

Энэ сарын 2-ны байдлаар, он гарснаас хойш Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд зэрэг 7 аймгийн 14 суманд нийт 17 удаагийн ой, хээрийн түймэр гараад байв. Түймэрт 19 га ой, хээрийн 283,150.5 га, нийт 283,169.5 га талбай өртжээ. Ойн түймэр гарсан тус бүс нутаг борог өвстэй, унанги мод ихтэй, хуурайшилттай байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл