Дөрвөн жилдээ нэг болдог чухал сонгууль тун удахгүй хоёр сарын дараа болох гэж байна. Сонгууль дөхөж амьгүй байсан улс төр сэргэж, хөдөлгөөнд ороод эхэлсэн. Сонгууль ойртохын хэрээр АТГ авилга, мөнгө идсэн уусан хүмүүсийг ээлж дараалан намнаж эхэлсэн. Энэхүү баривчилгаа сонгууль дөхөх тусам улам ширүүсэх шинжтэй болоод байна. Тодруулж хэлэхэд өнгөрсөн аравдугаар сараас эхлээд баривчилгаа эхэлсэн байдаг.
Б.Батзаяаг гэрээс нь баривчилж байв
2015 оны аравдугаар сарын 31-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг гэрээс баривчилсан байдаг. Түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих газар саатуулсан байна. Түүнээс гадна Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан байдаг юм. Түүнийг өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагынхан шалгаж байгаа. Мөн эл хэрэгт холбогдуулан Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг сэжигтнээр татсан билээ. Тэднийг Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн 148.4-т заасан бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, 1661.1-т заасан мөнгө угаах хэргээр саатуулсан, 272.2-т заасан албан үүрэгтээ хайнга хандсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцсон
Г.Шийлэгдамбыг АТГ-аас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн сэжигтнээр татсан
2015 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн сэжигтнээр татсан. Түүнтэй хамт хамт 4-5 хүнийг шалган, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн талаар мэдээлэл гарч байсан. Г.Шийлэгдамбыг баривчласнаас хойш хоёр хоногийн дараа ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг хахуулийн хэрэгт сэжигтнээр татаж, АТГ-аас баривчилан шалгаж эхэлсэн. Г.Ганчимэгийн хувьд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын дотны найз Г.Ганзоригийн төрсөн эгч нь юм.
Ээлжит баривчилгаа С.Зориг агсны эхнэр Д.Булганаар үргэлжлэв
2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр С.Зориг агсны эхнэр Д.Булганыг гэрээс нь баривчилж хорьж, өнөөдрийг хүртэл хорьж байгаа. Оньсого мэт С.Зориг агсны эхнэр Д.Булганыг ямар хэрэгт буруутган, саатуулсныг нууцалсаар өнөөдрийг хүртэл шалгаж байгаа. Д.Булганы хэргийг “маш нууц”-д хамааруулаад байгаа талаар мэдээлэл гарч байсан. Тиймээс хуулийн байгууллагуудаас Д.Булгантай холбоотой мэдээллийг өгөхгүй, ихэд нууцалж байна. Зарим хүмүүсийн хэлж байгаагаар сонгуулийн ээлжит шоу гэх хардлага ч байна. Учир нь сонгууль болохоор л С.Зориг агсны хэрэг сөхөгддөг нь шинэлэг үзэгдэл биш юм.
П.Цогтбаатарыг Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгтэй холбоотой асуудлаар баривчиллаа
2016 оны 02 сарын 16-ны өдөр МАХН-ын нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-аас баривчилсан. Түүнийг Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгтэй холбоотой асуудлаар баривчилсан талаар мэдээлэл гарч байсан Учир нь тэрбээр Г.Шийлэгдамбыг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга байхад нь үй зайгүй нөхдүүд явсан гэдэг. Тиймдээ ч 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа нэр бүхий 500 хүний хамт МАН-аас гарч, МАХН-д элсэж байсан юм. 2014 онд түүнийг МАХН-ын Санхүү, аж ахуй хариуцсан нарийн бичгийн даргаар томилсон. Тэрээр МАХН-д элсэхээсээ өмнө буюу 2012 онд НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшээд ялагдсан байдаг. Түүнээс өмнө Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан удаатай.
Х.Баттулгын эмэгтэй туслахуудаар баривчилгаа үргэлжлэв
улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээгдээд буй баривчилгаа Х.Баттулгын эмэгтэй туслахуудаар үргэлжлэв. Х.Баттулгыг сайдаар ажиллаж байх үед туслахаар нь ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг өнгөрсөн сарын 16-нд гэрээс нь баривчилж, саатуулсан.Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаад батлан даалтаар гарсан. Мөн тухайн өдөр Х.Баттулгын туслах “Түмэн хишигтэн”-гийн захирал Ш.Эрдэнэтуяаг баривчилсан ч тухайн өдрөө мэдүүлэг аваад сулалсан билээ. Өнөөдрийг хүртэл тэднийг саатуулан шалгаж байна.
Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг 301.6 тэрбум хэрэгт холбогдуулан баривчилсан уу
2016 оны 3 сарын 31-ны өдөр Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг АТГ-аас баривчилсан талаар мэдээллэсэн. Р.Эрдэнэбүрэнг хуулийнхан албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн саатуулсан байна.
Тэрбээр 2008-2010 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2011-оноос Ардчилсан намын даргын зөвлөхөөр ажиллажээ. Үүний дараа 2012 онд Лондонгийн Каплан Инт коллежид суралцаж ирээд 2015 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Шинэчлэлийн Засгийн газрын Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн даргаа томилогдон ажиллаж байсан.Р.Эрдэнэбүрэн 1974 онд төрсөн бөгөөд 1992 онд Дундговь аймгийн нэгдүгээр10 жил, 1993-1998 онд Анкарагийн Их сургуулийн хуулийн факультет, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн эрхзүйч мэргэжилтэй нэгэн аж.
“ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Равдандоржийг саатууллаа
2016 оны 3 сарын 31-ны өдөр "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Равдандоржийг Авилгатай тэмцэх газраас баривчиллаа. Түүнийг онц их хэмжээний авилга авсан байж болзошгүй үндэслэлээр саатуулсан байна. "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байхдаа авилга авсан байж болзошгүй байгаа аж.
Энэ мэт олоны баривчилгаа он дамнасан энэ өдрүүдэд боллоо. Энэ хүмүүс дотор нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд хүртэл саатуулагдан шалгагдаж байна. Энэ олон баривчилгаа дараагийн хүмүүсийг дулаан хувцсаа бэлдэхийг хүртэл сануулсан мессэж илгээж буй нь улс төртэй тэр дундаа сонгуультай салшгүй холбоотой гэдэг нь ч тойруу утгаараа илрээд байна. Цаашид авлига, албан тушаалын гэх үндэслэлтэй баривчилгаа цаашид ч үргэлжлэх төлөвтэй хэмээн учир мэдэх хүмүүс хэлээд байгаа юм. Гэхдээ хамгийн гол нь энэ бүх баривчилгаа хэлмэгдүүлэлт биш байгаасай гэдгийг иргэд хүсч байна.