Оймсны асуудал сошиал ертөнцөөр тархсаар. Сонгууль дөхөөд хүмүүсийн солиорол газар авч байна гэж үзэх нэгэн байвч, үг хэлэх эрх чөлөө бидэнд бий, залуусаа төлөөлж дугарч чадлаа дэмжиж байна гэх зэрэг эерэг үг Дарханы АН-ын даргаар ажиллаж байсан Л.Наранбаатарыг хурцалсаар. Сонгуулийн шоу ойртож байгаа энэ үед олны анхаарлыг татахын тулд этгээд ганц үйлдэл хийхэд л хангалттай. Нэг үйлдлээр олон нийтийн дайсан ч болно, түмэн олны баатар ч болно. Гагцхүү төрийн түшээдийн гаргаж байгаа гаж үйлдэл түмэн олны ундууцлыг хүргэж эгдүүцлийг төрүүлсээр. Төрийн ордныг гэр шигээ үзэж гишүүд эхнэр нөхөр адил хэрүүл хийж нэгэн рүүгээ салаавч гаргах нь энүүхэнд. Томчуудын соёл түмний нүдэн дээр илхэн.Цэнхэр дэлгэцээр хойч үедээ салаавч гаргаж сургамж хайрлаж хэр соёлтой гэдгээ хэмжүүлсээр. Бүр сүүлдээ Монгол орон нь багадаад өөрсдийн соёлын байдлаа гадаадуудын өмнө оймсоор харууллаа. Л.Наранбаатарын оймсыг харсан УИХ-ын дарга З.Энхболд гаднаа мэлтийсэн ч дотроо эгдүүцэж зангараг зууж эдийн засгийн форумын үеэр “Ийм өвчтэй хүмүүс бас ордог юм уу, энд. Сонгууль ойртсоны шинж. Манайд ийм мэдрэлийн өвчтэй хүмүүс зөндөө байдаг юм шдээ” гэж өөрийгөө авч үлдэх аядсан нь бүр ч олны анхаарлыг татчихлаа. Яагаад оймс шидэх болсон шалтгааныг Л.Наранбаатараас асуухад:
“Энэ хүмүүс сүүлийн 20 гаруй жил Монголын төрд байна. Монголын ард түмнийг сайн сайхан амьдруулна гэдэг ч өөдөлсөн юм алга. Ийм ялзарсан улс төрчдийг ард түмэн хуучирсан оймс шиг солих цаг болсон” тайлбарлажээ. Гутлаа харин яагаад шидээгүй вэ? гэсэн сэтгүүлчийн асуултанд “Энэ гутлыг манай эхнэр эр цэргийн баяраар бэлэглэсэн Тийм үнэ цэнэтэй бэлгийг ийм хүн рүү шидэхгүй гэсэн хариултыг өгчээ. Оймс шидсэн, шидүүлсэн аль аль төрийн сэнтийд залрагсдын ёс суртахууныг харуулаад амжлаа. Оймс хөлөндөө толгой мөрөндөө байгаасай