8o
Улаанбаатар хот
mobile menu

Наранцэцэгийн тос граммлаж, гурилыг кг –аар худалдан авч буй иргэдийн амьдрал

2015-11-24 10:11:00

Иргэдийн худалдан авах чадвар муудаж, гэр хорооллын дэлгүүрүүд зээлээс зээлийн хооронд худалдаа хийж байна

Улс орон хямралд өртөж иргэдийн худалдан авалт мууджээ. Бид энэ удаад иргэдийн худалдан авалт ямар байгаа талаар сурвалжлага бэлтгэхээр  гэр хорооллын дэлгүүрүүдийг зорилоо.

Бидний эхний очсон эхний дэлгүүр Баянхошууны Жанцангийн буудалд орших “Оюун хужирт” гэсэн дэлгүүр байлаа. Тус дэлгүүр нь харьцангуй хөл  хөдөлгөөн ихтэй автобусны буудалтай ойрхон оршдог. Дэлгүүрийн худалдагчдаас худалдан авалт хэр байгаа талаар тодруулахад  “ Би дэлгүүр ажиллуулаад олон жил болж байна. Жил жилийн долоо болон арваннэгдүгээр сар худалдан авалт маш бага байдаг. Манай дэлгүүр өдөрт  сая гаруй төгрөгийн орлого олдог байсан бол одоо дөнгөж талыг нь олж байна. Манай  дэлгүүрээр үйлчүүлж буй иргэдийн ихэнхи нь танилууд байдаг. Тэгээд  л орж ирээд “цалин буухгүй байна, хоосон хонолоо юм зээлэх гэсэн юм” гээд л гуйна. Өгөх хэцүү, өгөхгүй байх хэцүү байдаг. За тэгээд хүүхдээ тэвэрсэн эмэгтэйчүүд, ээжүүд орж ирээд л хүүхдийн мөнгөө авахаар өгье гээд зээлнэ. Үнэндээ зээлээс зээлийн хооронд л үйл ажиллагаа явуулж байна" хэмээн хуучиллаа.

Тус дэлгүүрийн хамгийн эрэлттэй бараа нь өргөн хэрэглээний талх, гурил, будаа, ногоо. Гэвч Дэлгүүрийн ашиг орлого өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 50 хувь буурчээ.

Дараагийн дэлгүүр Зүүн салааны худагийн буудалд байрлах “Арвижих”. Эзэд нь тус дэлгүүрийг ажиллуулаад 3 жил болж байгаа аж. Тэдний  дэлгүүрийн худалдан авалт мөн л маш ихээр муудаж байгаа талаар худалдагч нь ярьж байна. “Арвижих” дэлгүүрээр үйлчүүлж буй иргэд өдрийнхөө хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүнээ худалдаж авдаг гэнэ. Тухайлбал иргэд хамгийн ихээр наранцэцэгийн тос граммлаж авч байна. 100 грамм  наран цэцэгийн тос 450 төгрөг  юм байна. 100 грамм тосыг 450 төгрөгөөр зарахгүй бол бидэнд ямар ч ашиггүй байдаг хэмээн худалдагч эгч ярив.

Цаг нэлээд орой болсон болоод ч тэр үү орж ирсэн хүмүүс оройн хоолондоо хэрэглэх бүтээгдэхүүнээ худалдаж авч байв. Тодруулбал, иргэд 3 ширхэг төмс, 1 сонгино, хагас кг будаа, 1 кг гурил гээд л зөвхөн нэг орой хэрэгдэх хүнсээ л цуглуулж байлаа.

“Арвижих” дэлгүүр хамгийн их орлоготой өдрөө гэхэд 400 мянга төгрөгний орлого ордог гэв. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад мөн л 50 хувь орлого нь буурсан үзүүлэлт гэнэ. Иргэдийн худалдан авах чадвар захын хорооллуудад эрс буурсан нь энд ч ийнхүү нотлогдож байна. Зүүн салааны Худагийн буудалаас цааш явсаар “Одонт” гэсэн нэртэй 8 нэрийн дэлгүүр лүү орлоо. Тус дэлгүүрийг гэр бүлийн гишүүд ээлжлэн зогсож, ажиллуулдаг аж.

Тус дэлгүүрийн дэлгүүрийн худалдагчид “Эдийн засгийн хямрал болоод орлого маш ихээр багасч байна. Цаашид хэрхэн багассахыг ч сайн хэлж мэдэхгүй байна. Манай хамгийн их зарагддаг бүтээгдэхүүн бол гурил. Гэвч иргэд гурилаа ч авахаа больж байна" гэв. 1 кг нэгдүгээр гурил 1200, харин хоёрдугаар гурил нь 1000 төгрөгөөр зарагддаг аж. 

Гэр хорооллын томоохон дэлгүүрүүдийн худалдан авалт нэг иймэрхүү байна.

Захын хорооллын, жижиг дэлгүүрүүдийн худалдаа хийх, иргэдийн худалдан авах чадвар ийм л байна. Бидэнд ерээд оны эхээр хүнсний бараа олдохгүйн эрхэнд урт дараалалд дугаарлаж, өлсч явсан өдрүүд бий.  Харин мөнгөгүйн эрхээр "өлссөн" түүх хэдэн үедээ үгүй. Тэр тусмаа XXI зуунд өлсөж, мах, талх, гурил гурваа чадан ядан залгуулж амьдарна гэдэг туйлын харамсалтай. Зарим дэлгүүрүүд нь худалдан авагчгүйн улмаас үүдээ барьж байгааг оршин суугчид нь ярьж байна. Эдийн засаг эрчимжтэл хэчнээн дэлгүүр үүдээ хааж, хэчнээн айл хоосон хонохыг хэлэхэд ч эмзэглэмээр.

Ажилгүй, орлого багатай, амьдралынхаа шар бор өдрүүдийг ширхэгийн хоол хүнс, тал талх, атга будаагаар залгуулж яваа олон өрх гэрийг хямрал хөлдөө чирсээр байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment