8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн 1800-1200 тусгай дугаарт 788 дуудлага ирлээ

2021-03-03 13:00:00

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь УОК, НОК-оос гарсан шийдвэрүүд болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаарх албан ёсны, бодит мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэж, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох төрийн байгууллагуудад дамжуулан шуурхай шийдвэрлүүлж 24/7 цагийн хуваариар тасралтгүй ажиллаж байна. 

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандаж 2021 оны  гуравдугаар сарын 1-ний өдөр иргэдээс нийт 788 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.49 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 22 иргэн хандсанаас зургаан иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 331 буюу 42 хувийг шинжилгээний цэгийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах талаар, 193 буюу 24.5 хувийг хот хооронд зорчих иргэд ямар баримт бичиг бүрдүүлж, хэрхэн зорчих тухай дуудлага тус тус эзэлж байна. 

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас ПГУ шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар зөвлөмж өгсөн бөгөөд хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэд зорчихоосоо өмнө шинжилгээ өгч, хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ иргэд өөрсдөө авч явах бөгөөд замдаа зогсохгүй, иргэдтэй харилцаа үүсгэхгүй тул очсон газраа 72 цаг өнгөрсөн ч шинжилгээний хариу хүчинтэй байна. Мөн хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПГУ шинжилгээ өгсөн тохиолдолд гэр бүлийн бусад гишүүдээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээ өгөхийг шаардана. Дээрх шаардлага нь аль ч төрлийн тээврийн хэрэгслээр зорчигчдод нэгэн адил хамаарна гэж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл