Сүхбаатарын талбай буюу одоогийн Чингисийн талбай болчихоод байгаа Төрийн ордны зүүн хэсэгт байрлах хуучин хэвлэх үйлдвэрийг “Н.Энхбаярын балгас” хэмээн нэрийдэх болсноор даруй таван жил өнгөрч байна. Тус барилгыг өөрийн өмч болгож авсан МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр хуучны “Сүхбаатар” хэвлэх үйлдвэрийн барилгыг нурааж, топ зэрэглэлийн газар дээр нь барилга барихаар ажлаа эхлүүлж байсан ч түүгээр овоглосон авлигын сүлжээ, томоохон хэрэг сөхөгдөж эхлэнгүүт хэвлэх үйлдвэрийн газар болоод барилга буцаад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдэлд шүүхийн шийдвэрийн дагуу очиж, улсын захиран зарцуулах өмчүүдийн нэг болсон. Улстөрчдийн хэрүүлийн бай, гадныхны өмнө муухай харагдуулдаг балгас зарагдаж магадгүй нь.
“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар болжээ. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Засгийн газрын ордоны зүүн талд байрладаг /хуучнаар/ “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг энэ оны арваннэгдүгээр сарын 30-нд хувьчлахаар болсон байна. Уг барилга нь 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2,698 м2 эзэмшил газартай, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5,244 м2 талбай бүхий 2 давхар барилга аж.
Нээлттэй дуудлага худалдааны үнэ 7,155,000,000 /долоон тэрбум нэг зуун тавин таван сая төгрөг/, харин дэнчингийн хэмжээ нь 715,500,000 /долоон зуун арван таван сая таван зуун мянган төгрөг/.
Хуулийн дагуу дуудлага худалдаанд санал өгсөн иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийг дуудлага худалдаа болохоос 72 цагийн өмнө задлах ажээ.
Дуудлагын худалдаанд оролцох материалыг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны 10:30 цагаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ний 10:30 хүртэл ажлын цагаар Нийслэлийн Өмчийн Харилцааны газарт хүлээн авах юм байна.