8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол тэмээний гайхамшгийг “GOBI CHALLENGE-2020” аялал харуулна

2021-01-09 16:05:06

"Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” төслийн хүрээнд телевизийн 10 цуврал нэвтрүүлэгбэлтгэсэн бөгөөд эхний дугаар 2021.01.09-ний бямба гарагийн 20:30 цагаас “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болох юм.

Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аяллыг “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад цацахаар төлөвлөжээ. Мөн говийн байгаль, өвлийн тэмээн аяллын тухай аян замын тэмдэглэл бүхий гэрэл зургийн цомог эмхэтгэх юм байна.

Дэлхийн тэмээн сүргийн 90 хувийг наран тэмээ буюу ганц бөхт тэмээ эзэлдэг бол ердөө 10 орчим хувь нь Монгол говийн үнэт эрдэнэ болсон хоёр бөхт тэмээ юм. Өвс, усгүйгээр удаан байж өл даах чадвартай, халуун нар, өвлийн хүйтэнд дасан зохицож амьдрах чадамжтай, өргөслөг, өвөрмөц ургамлаар хооллож идээшилдэг говь цөлийн экологийн нөхцөлд амьдрах гайхалтай зохицолтой хоёр бөхт тэмээ нь монголчуудын бахархал хэмээгддэг.

Иймд “Gobi challenge-2020” аяллын хүрээнд тэмээгээр Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 өдрийн турш 650 км аялжээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл