8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Мандахбаяр: “Gobi challenge-2020”аялал Монголоо дэлхийд сурталчилна

2021-01-08 15:51:00

Монголын үзэсгэлэнт байгаль, нүүдэлчдийн өвөрмөц зан заншил, хоёр бөхт тэмээний хосгүй үнэт өв соёлоор дамжуулан Монгол Улсыг хилийн чандад сурталчлах томоохон зорилготой “Gobi challenge-2020” төсөл үзэгчдийн хүртээл болох гэж байна.

"Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал реалити шоуны эхний дугаар маргааш /2021.01.09/-ийн 20:30 цагаас “ТВ8” телевизээр гарах юм. Уг төслийн хүрээнд телевизийн 10 цуврал нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болох бөгөөд “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээхээр төлөвлөжээ. Мөн говийн байгаль, өвлийн тэмээн аяллын тухай аян замын тэмдэглэл бүхий гэрэл зургийн цомог эмхэтгэн Монголын өвлийн аялал жуулчлалын шинэ брэндийг цогц хэлбэрээр сурталчлан таниулах аж.

“Gobi challenge-2020” тэмээн аялалд нийгмийн салбарын бүрийн төлөөлөл 10 оролцогч нэгдэн Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 өдрийн турш 650 км зам аялсан байна.  

Монголд анх удаа олон өдрийн тэмээн аяллыг телевизийн шоу хэлбэрээр хүргэх “Gobi challenge-2020” төслийн ерөнхий продюсер, “Эрхэт Монгол” медиа группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр хэлэхдээ “Бид үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоороо дамжуулан Монголоо дэлхийд сурталчилна. Хүмүүс манай контентийг үзээд өөрсдөө мэдрээсэй гэж хүсэж байна. Тун чиг олон зүйлийг өгүүлэх шоу болсон. “Gobi challenge” төсөл ганцхан жил өрнөөд дуусчихгүй. Цаашдаа илүү өргөн цар хүрээтэй үргэлжилнэ. Бидэнд төлөвлөсөн ажил их бий. “Gobi challenge” төсөл олон улсын шинж чанартай болно. Дээрээс нь нэвтрүүлгийг гаднын томоохон медиа группүүдийн уран бүтээлчид хамтран бүтээнэ. Тэгэхээр “Gobi challenge” төсөл Монголын гадаад сурталчилгаа, өвлийн аялал жуулчлал, байгаль хамгаалах үзэл санаанд асар том хувьсгал хийнэ гэж үзэж байна” хэмээсэн юм.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment