Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөгөөр зөрж өнгөрөх хүмүүс хаа нэгэн газар луу яарсан шинжтэй. Хурдан хурдан алхаж зөрж өнгөрнө. Харин авто машинууд гэрлэн дохио дээр ар араасаа ирж зогсож явган зорчигчдыг гарахыг хүлээнэ. Хүмүүс ч хурдан хурдан алхсаар замын хоёр талд гарч дуусмагц машинууд дуут дохиогоо дуугарган явж эхэлнэ. Миний дэргэдүүр зөрж өнгөрөх нэгэн охин нилээд тайван ямар нэгэн зүйл рүү яарсан шинжгүй тайван алхана.
Тэрээр сурагчийн дүрэмт хувцастай ягаан өнгийн цүнхтэй, том ороолтоор хүзүүгээ ороож, гараа халаасандаа хийн газар ширтэн намуухан алхана. Тэр охин арав юм уу, арван нэгдүгээр ангид сурдаг байх. Сэтгүүлч миний бие. Охиныг хоёр гурван буудал хирээтэй араас нь дагаж ажиглав. Түүний алхаа улам удааширч огт яарсан шинжгүй явсаар явган замын дэргэдэх сандал дээр суув.
Би ч хажууд нь сууж, хэрхэн яриа эхлүүлэх тухай бодож байх зуур охины утас дуугарав. Ээж нь залгаж байгаа бололтой. Охин утасныхаа дуудлагад хурдан хариу өгөхийг хүсэхгүй байгаа бололтой. Утас аа авсангүй. 1 минут орчмын дараа дахиад дуудлага ирэв.
Охин утас аа авч “Байна уу” гэхэд “Хичээл нь тарсан уу? хаана явна” гэхэд охин: тарсан одоо харилаа гэж хэлээд утас аа салгав.
Тэр даруй би сайн уу? чамайг хэн гэдэг үү. Гэж асуухад гайхсан шинжтэй надруу хараад нэрээ ч хэлсэнгүй.
Би өөрийгөө танилцуулж эгч нь өсвөр насны хүүхдүүдийн тухай сурвалжлага бэлтгэхээр явж байгаа юм. Чамтай ярилцаж болох уу? чиний хаана сурдаг, нэр, зургийг чинь тавихгүй ээ.
Зүгээр л хэдхэн асуултад хариулт өгөөч гэхэд толгой дохьсон ч хариу хэлсэнгүй. Хэсэг чимээгүй сууж зөрж өнгөрч байгаа хүмүүсийг дэмий л харж сууна.
Охиноос “Хичээлээ тараад явж байгаа юм уу” гэхэд “Тийм ээ” гэснээр бидэн хоёрын хоромхон зуур үргэлжилсэн бяцхан яриа эхэлсэн юм.
- Чи хэдэн настай вэ?Айлын хэд дэхь хүүхэд вэ?
- 16 настай. Айлын том охин дороо гурван дүүтэй. Хоёр нь сурагч бага нь 2 настай.
- Уучлаарай түрүүн утсаар ярихыг чинь сонссон. Ээж нь залгасан уу?
- Тийм ээ. Ирж дүү нараа хар гэж байгаа юм. Уг нь өнөөдөр манай ангийнхан хичээлээ тараад бөөнөөрөө музей үзэх байсан. Даанч би ангийнхантайгаа явж чадсангүй. Гэртээ ч харимааргүй байна. Ээж хичээлээ тараад шууд ирж дүү нараа харж бай. Гадуур битгий дэмий тэнээд бай гэж загнидаг юм.
- Танай анги хэдэн хүүхэдтэй юм вэ?Ангидаа найзтай юу?
- 40 гаруй хүүхэдтэй. Яг энэ ангидаа сайн байхгүй ээ. Бага ангидаа л нэг охинтой найзалдаг байсан ч шилжээд явсан түүнээс хойш. Сайн найз байхгүй ээ.
- Манай ангийн охид долоо наймуулаа нийлээд найзалчихдаг юм. тэгээд надтай найзлах охид байхгүй.
-Хичээлээс гадуурх ажилд хир оролцдог вэ? давтлага, анги цэвэрлэх гэсэн ажлууд байдаг ш дээ.
- Анги цэвэрлэх, Давтлагадаа явдаг.
- Чамд ямар нэгэн авьяас бий юу? Дугуйлан секцэнд явдаг уу?
- Ямар нэгэн авъяас байхгүй ээ. Дугуйланд явах зав байдаггүй.
- Ямар мэргэжилтэй хүн болъё гэж бодож байна. Ирэх жил төгсөх ангид орох юм байна. Мэргэжлээ сонгосон уу?
- Ээж, аав хоёр бага ангийн багш болоорой гэдгийн би багш болох дургүй.
- Тэгээд чамд бодсон өөр мэргэжил байгаа юм уу?
- Байгаа манай хамаатны эгч гоо сайхан ч хийдэг юм. би тэгээд Гоо сайхан ч болвол гоё санагдаад байгаа.
- Ээж аавдаа хэлж үзсэн үү?
- Хэлсэн. Тэгээд гоо сайханч хэрэггүй чи хийж чадахгүй гэсэн.
Охины утас дуугарав. Дахиад л ЭЭЖ гэсэн дуудлага ирэв.
Охин: Ёоо. Ээж залгаж байна. Одоо харихгүй бол. “Ээж багш руу залгах байх” гээд Утсаа автал. “Хаана явж байна. Би гарах гээд чамайг хүлээгээд байна. Хурдал хаана явна” гэж нэлээд уцаардангуй хэлэв. Охин “Одоохон очлоо” гээд утсаа салгаад. За эгч ээ. Би гэр лүүгээ явлаа.
- Танайх хол уу?
Ойрхон нэг буудлын цаана. За баяртай эгч ээ. Гэж хэлээд явган замаар алхах хүмүүсийн дундуур гүйгээд алга болов.
Сэтгүүлч миний бие энэхүү сурвалжлагаараа. Монгол улсынхаа ирээдүй болсон өсвөр үеийнхээ төлөөлөлтэй ярилцаж. Тэдний санаа бодол, улс эх орноо хэрхэн хөгжүүлэх тухай ямар санаа бодол тээж явдаг тухай олж мэдье гэсэн бодолтой байсан боловч. Энэ сэдвээр нэг ч асуулт асууж чадсангүй. Миний бэлдсэн асуулт тэмдэглэлийн дэвтэр дээр минь л үлдэв. Гэвч энэ сурвалжилгынхаа сэдвийг өөрчлөх болсон юм.
Миний бие өмнө ярилцсан охины ярилцлагаа буулгаж суухдаа. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн талаар жаахан ч гэсэн судлахыг хүсэв. Ингээд өсвөр үе, хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг газар ер нь манай улсад байдаг болов уу? гэж судлахад нилээн хэдэн газар байдгийг олж мэдэв.
Тэдгээр байгууллагуудаас нэгэн газрыг онцолсон нь. “Гүүд Нэйборс” Олон Улсын Төрийн Бус Байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай холбогдож. Тус байгууллагын дэргэдэх “Сайхан сэтгэл” зөвлөгөө өгөх төвийн Сэтгэл судлаач С.Нандин-Эрдэнэтэй ярилцав.
Бид нилээд олон сэдвийн хүрээнд ярилцсан бөгөөд дээрх сурвалжлагатайгаа уялдуулан өсвөр насны хүүхдүүдийн онцлог, сэтгэл зүйн байдал, анги хамт олны дундах байр суурь, гэр бүлийн байдал хүүхдэд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцсан яриагаа сийрүүлэн хүргэе.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийн ажиллаж буй байгууллагынхаа тухай товч танилцуулаач.
- “Гүүд Нэйборс” нь дэлхийн 38 оронд төлөөлөгчийн газраа байгуулан Орон нутгийн Хөгжлийн Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг хүмүүнлэгийн болон хөгжлийн төлөөх Олон Улсын Төрийн Бус Байгууллага юм.
- “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь 2006 онд байгуулагдан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг.
- Ямар чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг вэ?
- Манай байгууллага хүүхдийн эрхийг хангах, хүүхдийг бүхий л орчинд хамгаалахыг зорин ажилладаг. Байгууллагын нэг алба болох Хүүхэд гэр бүлд зөвлөгөө өгөх “Сайхан сэтгэл” төв нь хүүхэд гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт, кейс менежментийн үйлчилгээг үзүүлж ажилладаг. Ихэвчлэн өсвөр насныхан болон тэдний эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч байна.
- Өсвөр үеийнхний сэтгэл зүйн асуудлаар түлхүү зөвлөгөө өгдөг гэлээ. Энэ тухай дэлгэрэнгүй яриач.
- Тийм ээ. Өсвөр үеийнхэн гэлтгүй бүх насны хүмүүс өөрийгөө хэрхэн удирдах, уур бухимдлаа хянаж сурах нь зайлшгүй асуудал болсон байна. Тэгэхээр уур бухимдал гэж юу юм бэ? Уур бухимдал бол бидний хүсэл сонирхол, үйл ажиллагааны эсрэг үүсэж буй саад бэрхшээлт тохиолдлуудаас үүсдэг сөрөг сэтгэл хөдлөл. Энэ нь маш бага хугацаанд хүчтэй илэрч гардаг. Ялангуяа өсвөр үеийнхний хувьд тэд өөрсдийгөө ойр дотны хүмүүст ойлгуулах, илэрхийлэх хэрэгцээ нь тэр бүр хангагдаж чаддаггүй. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдээ сонсож хэрэгцээг нь хангахад анхаарах хэрэгтэйг сануулдаг.
Гормоны өөрчлөлтөөс шалтгаалан өсвөр насны хүүхдүүд сэтгэл санаа тайван бус байдалд ордог. Дээрээс нь эцэг эхийн анхаарал, дэмжлэг бага бол өөрт тулгамдсан асуудлаа хуваалцахгүй, шийдвэрлэхгүй явсаар янз бүрийн эрсдэлтэй алхам хийх тохиолдлууд гарч байна.
Ярилцах, асуудлаа хуваалцахгүй удаан явах нь өөртөө итгэх итгэлгүй байдалд оруулж, өөрийгөө бусдаас доогуур үнэлэх, хэн ч биш гэсэн сөрөг бодлууд хүүхдийн тархи оюун санаанд бүрэлддэг. Энэ нь даамжирвал сэтгэл гутралд хүргэх шалтгаан болдог.
- Ийм байдалд хүрвэл өдөр тутмын амьдралд идэвхгүй, баяр баясгалангүй болох,
- Тогтворгүй байдлаа дарахын тулд их хэмжээгээр идэх эсвэл идэхгүй байх зэргээс болж хэт таргалах болон турах,
- Тогтворгүй байдал, амьдралын буруу хэмнэлээс болж нойргүйдэх эсвэл хэт унтдаг болдог. Энэ нь ядарч сульдах, биеийн эрч хүчгүй болгодог
- Үе үе үхмээр санагдах зэрэг олон сөрөг бодлуудыг тээж эхэлдэг.
- Сэтгэл гутрал маш олон хэв маягаар илэрч болдог байх нь эцэг, эхчүүд гэлтгүй. Хувь хүмүүс сэтгэл санааны таагүй байдлаасаа хэрхэн ангижрагч болов вэ? Хэдий цаг хугацаа шаардлагатай байдаг вэ?
- Бидний хувьд хараад та сэтгэл гутралд автсан байна. Таныг эмчлээд өгье гэж шууд хэлж чадахгүй. Олон удаагийн тууштай уулзалт хийх хэрэгтэй. Үүнийг тайлбарлаж хамтран зөвшилцдөг.
Уулзалтууд нь тэр дороо үр дүнгээ өгөөд сэтгэл санаа нь сэргээд тайван болоод өргөс авсан мэт болохгүй. Хувь хүнээс гадна гэр бүл ойр орчмын хүмүүсийн анхаарал дэмжлэг их чухал байдаг тул энэ нөөцийг мөн судалж хамтран оролцуулахыг хичээдэг. Ер нь хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Зарим тохиолдолд үр дүн гарахгүй байх тохиолдол ч байдаг.
Ихэвчлэн ямар насныхан сэтгэл гутралд илүү өртдөг вэ? Тийм судалгаа байдаг уу?
- Яг тэднээс тэд гэсэн насны тоо хязгаар байхгүй. Бүх насныхан өртөх магадлалтай. Манай байгууллагын хувьд өсвөр үеийнхэндээ түлхүү ажилладаг. Ингэхдээ зөвхөн хүүхдүүдэд зөвлөгөө өгөх нь үр дүн хангалтай хэмжээнд гарахгүй байдаг тул гэр бүлийн хүрээнд зөвлөгөө, сургалт мэдээлэл явуулах нь зөв юм байна гэж үзээд гэр бүлийн орчинд эцэг эх, хүүхэд ойр дотны хүмүүсийг хамруулж зөвлөгөө өгөх болсон. Ингэхдээ зорилтод бүлэгт хамаарагдах амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдийг гэр бүлээр нь хамруулж байгаа. Гэвч яг тууштай энэ сургалтанд хамрагдаг гэр бүл бас л ховор. Тиймээс бид аль болох сонирхолтой, үр дүнтэй хэлбэрээр зөвлөгөө мэдээлэл өгөх аргуудыг туршсаар л байна.
- Өсвөр үеийнхэн гэр бүлийн орчноос гадна. Сургууль анги хамт олон, үе тэнхийхэнийгээ дунд нилээн хаагдмал байх шиг байдаг. Дээр миний ярилцсан охины адил. Найз нөхөдгүй байх. Өмссөн хувцас, хэрэглэж буй эд зүйлсээсээ болж гадуурхах гэх мэт.
- Хүүхдүүдийн өдрийн туршид хамгийн их идэвхтэй цагаа өнгөрүүлдэг газар бол мэдээж сургуулийн орчин. Сургуулийн сурагчдын хувьд найз нөхөдгүй ганцаараа байна гэдэг бол том асуудал, хүнд цохилт. Эцэг эхчүүд энэ асуудал дээр хүүхдээ ажиглах ярилцах хэрэгтэй. Хэн гэдэг хүүхдүүдтэй найзалж байна. Тэднийг нийлүүлж байгаа нийтлэг сонирхол нь юу байна? Анги хамт олондоо хир байр суурьтай. Ямар хичээлд сонирхолтой. Ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээр бэлдэж байгаа. Түүнийхээ төлөө хир мэрийлттэй байна. Ээж, аав нь яаж туслах уу? ямар дэмжлэг авмаар байна гэх зэргээр ярилцах хэрэгтэй. Манай эцэг эхчүүд энэ сэдвээр хүүхдүүдтэй бараг ярилцдаггүй. Харин зүгээр ярьдаг.
- Шууд л өөрсдийн санаа бодлоо шууд тулгадаг. Жишээ нь нэг куртик авч өгье. Гэж бодоход эцэг эхчүүд “Наадах чинь шал сонин юм байна. Ийм юм өмсөөд яаж гадуур авдаг юм. Энийг ав гээд зөвхөн өөрсөндөө таалагдсан зүйлээ хүчээр авч өгдөг. Гэтэл таны авч өгсөн куртикны загвар хоцорсон өнгө үзэмж муутай байх жишээний гэтэл тэрхүү куртикыг хүүхэд өмсөөд сургууль дээрээ очиход. Хүүхдүүд ямар сонин юм өмссөн юм гэж гоочлох, шоолох зэрэг асуудал үүсэж болно. Иймэрхүү жижиг боловч асуудлууд хүүхдийг сэтгэл санаагаар унах, бусдаас өөрийгөө тусгаарлах шалтгаан болдог. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ оролцоотой бүх асуудал дээр хүүхдийнхээ санаа бодлыг заавал сонсож, тэдний хүсэл сонирхолыг харгалзахыг хичээх хэрэгтэй. Энэ нь асуудлын үр дүнг хүүхэд өөрөө хариуцах боломжийг мөн олгодог байна. Өөрөө шийдвэр гаргасан тул хариуцлагыг ч мөн үүрэх хэрэгтэй гэдгийг процесс нь өөрөө хүүхдэд ойлгуулдаг. Та үглэж санаагаа зовоох хэрэггүй.
- Ихэнх эцэг эхчүүд айлын том хүү, охиндоо дүү нарыг нь даатгаж найдаж орхих нь их байдаг. Энэ нь өсвөр насны хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдөг бол.
- Чи айлын том хүүхэд дүү нараа асрах харах нас чинь болсон. “Дүү нараа сайн хараарай” гээд хэдэн цагаар дүү нарыг нь харуулдаг. Энэ нь нэг талдаа гэр бүлийн гишүүдийн үүрэг боловч нөгөө талдаа асуудал үүсгэдэг. Учир нь хүүхэд өөртөө зарцуулах чөлөөт цаг, найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх боломжийг багасгадаг.
“Чи айлын том хүүхэд байж, өдий том болчихоод гэрийн ажилд тусалсангүй, оролцсонгүй” гэж өөрийн үүрэг хариуцлагаас хагаслаж өгдөг. “Дүү нараа арчилж өсөх нь ах, эгч нарын үүрэг” гэж хэлдэг. Эсрэгээрээ хүүхэд өөрийн хүслээр шийдвэр гаргах, сонголт хийх үед “Чи чинь яасан том толгойтой юм. Хэзээ ийм том хүн шиг болчихов, одоохондоо би чиний толгойг мэдэж байна” гэх нь хүүхдэд бас зөрчил үүсгэдэг байна. Таны хүүхэд том болсон хүүхэд юм уу? эсвэл шийдвэр гаргаж чадахгүй жаахан хүүхэд юм уу? Иймэрхүү харилцааны зөрчилдөөн хүүхдийн сэтгэл зүйд ойлгомжгүй, туйлбаргүй байдалд хүргэдэг.
Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ аль болох ярилцах, найз шиг нь зөвлөх нь хамгийн чухал зүйл юм. Найзууд нь шүүмжилдэггүй, буруутгадаггүй, асуудлыг нь сонсож хэцүү байгааг нь ойлгоод шийдвэр гаргахад нь зөвлөгөө өгдөг. Гэтэл үеийн хүүхдүүд нь мөн л өөртэй нь адил сонголт туршлагыг зөвлөнө. Энэ хүүхдэд тань тус болох зөвлөмж байж чадах болов уу. Тэгэхээр та шүүмжлэхгүй, буруутгахгүй, чин сэтгэлээсээ сонсож ойлгоод хүүхэддээ зөвлөн туслаарай.
- Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
Уншигч та өөрийн хүү, охиныгоо надтай ярилцсан охины адил, ангидаа найз нөхөдгүй, сургууль дээрээ ч, гэртээ ч харих дургүй болсон гудамжаар гунигтай, ганцаардмал, явж байгаа юм биш биз. Та яг одоо хүүхдийнхээ тухай ганцхан минут бодож байв уу? Айлын том хүү, охиныгоо “Чи айлын том хүүхэд” дүү нараа харах ёстой. Гэж насанд нь хүндэдсэн хариуцлага үүрүүлж, ирээдүйд хэн болох, ямар мэргэжил эзэмшихэд нь зөвхөн өөрсдийн санаа бодлоо тулгаад байгаан биш биз. Танай гэр бүлд тулгамдаж буй ямар нэгэн асуудлыг эерэгээр шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна. Та яг одоо өөрийн хүүхэд эхнэр, нөхөртэйгөө дотно сэтгэлийн халуун яриа өрнүүлж тэндтэй ярилцах хэрэгтэй.
Уншигч танаас хэдэн асуулт асууя.
- Та өөрийнхөө хүүхдийн тухай хир сайн мэдэх вэ?
- Таны хүүхэд анги хамт олон, найз нөхөдынхөө дунд хир зэрэг байр суурь эзэлдэг вэ?
- “Таны хүүхдийн найзыг хэн гэдэг вэ?
- Таны хүүхэд ямар мэргэжил эзэмшихээр бэлтгэгдэж байгаа вэ?
- Та эдгээр асуултыг хүүхдээсээ асууж байсан уу?
- Та эргэн тойрны өсвөр үеийнхээ тухай хэр сайн мэдэх вэ?
- Та хамгийн сүүлд хүүхэдтэйгээ хэзээ чин сэтгэлээсээ ярилцсан бэ?
Сэтгүүлч: Д.Дорждэрэм