8o
Улаанбаатар хот
mobile menu

Компанийнх нь байрыг аварсан аврагч гал сөнөөгчид гэр бэлэглэлээ

2015-11-23 18:17:00

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 35 дугаар ангийн дэд ахлагч Г.Амарбатад Монгол эсгий үйлдвэрлэдэг  “Жонон Мөнх” ХХК-иас давхар бүрээстэй, шалтай таван ханатай Монгол гэр бэлэглэлээ. Дүүргийн 23 дугаар хороонд байрладаг “Жонон Мөнх” нь байгуулагдаад 11 жил болж байгаа жилийн дөрвөн улиралд тасалдалгүй ажилладаг, байнгын 9 ажилтай Монгол эсгий үйлдвэрлэдэг компани аж. 2015 оны наймдугаар сарын 22-ны 17.00 цагийн орчим тус компанийн байр эзэнгүй байх үеэр гал гарч, дүүргийн Онцгой байдлын гал сөнөөгчид цаг алдалгүй очин галыг нь унтрааж, компанийн төдийгүй тухайн өрхийн эд хөрөнгийг гамшгаас хамгаалж чадсан байна. Тиймээс тус компанийн зүгээс аврах гал унтраах 35 дугаар ангийн аврагчид таван ханатай Монгол гэр бэлэглэж, талархалаа илэрхийлсэн байна.

Энэ талаар нийгмийн хариуцлагатай, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг “Жонон Мөнх” компанийн захирал С.Мөнхбат, “Тухайн үед цахилгааны кабель буудаж гал гарсан юм билээ. Гудамжинд явсан хүмүүс дуудлага өгч, онцгой байдлын аврагчид цаг алдалгүй ирсэнээр компани төдийгүй гэр бүлд маань учрах байсан их хэмжээний хохирлоос аварсан. Миний хувьд арга хэмжээ авч чадалгүй алдаж, шатсан бол компани төдийгүй гэр бүл маань хүнд байдалд орох байсан. Тиймээс бидэнд тусалсан онцгой байдлын аврагчдын ядаж нэгэнд ч болов тусалж баярласанаа илэрхийлэхсэн гэж хүссэн. Ингээд Аврах гал унтраах 35 дугаар ангийн захирагчтай  уулзсанаар дэд ахлагч, нийтийн байранд амьдардаг залуу гэр бүлийн тэргүүн аврагч Г.Амарбатад тусалж байгаадаа баяртай байна. Манай компанийн зүгээс жилд 1-2 гэр бүлд гэр бэлэглэж, өөрийн хэмжээнд нийгмийн хариуцлагатай ажиллахыг хичээдэг” хэмээн даруухан өгүүлсэн юм.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Ганбат, “Аврах, гал унтраах 35 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч Г.Амарбатын хувьд залуу гэр бүлийн өрхийн тэргүүн, манай тангараг өргөсөн төрийн албан хаагчдын нэг. Дарь-Эхэд нийтийн байр хөлслөн саяхан нярайлсан эхнэр, ээжийн хамт амьдарч байсан. Хаа сайгүй эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед давхар бүрээстэй, шалтай таван ханатай гэр бэлэглэж, нэг ч гэсэн алба хаагчийн маань амьдрал ахуйд тусалж байгаа “Жонон Мөнх” компанийн хамт олон талархаж байгаагаа илэрхийлье” хэмээсэн.  Дашрамд дурдахад тухайн өдөр гарсан галын дуудлагад Аврах гал унтраах 35 дугаар ангийн ажилтан дэд ахлагч Г.Амарбат нөхдийн хамт ирж гал унтраалцсан юм байна. Түүнд бэлэглэсэн таван ханатай Монгол гэрийг дөнгөж өчигдөрхөн засч янзалсан бууринд нь барьж өгөхөөр ангийн нөхөд нь хамтдаа ирэн “Жонон Мөнх” компанийн байрнаас ачин хөдөлсөн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment