8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Хүүхэд хамгааллын чиглэлд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч, үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай байна

2020-10-27 15:10:14

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга нар нийслэл, 21 аймгийн цагдаагийн газрын удирдлагуудтай биечлэн болон цахим уулзалт хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд анхаарч ажиллахыг үүрэгдээд "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хороо, дүүргийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллаж хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй, үйлдэгдэж байгаа айл өрхүүдэд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна. Нуугдмал далд байдалд үйлдэгддэг энэ төрлийн хүчирхийллийн талаар биечлээд яриад байдаггүй. Тиймээс энэ чиглэлд ихээхэн анхаарч ажиллах хэрэгтэй байна. Мөн бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөн, амиа алдаж, иргэд олон нийтийн бухимдлыг төрүүлсээр байгаа. Иймд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж үр дүнтэй арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэв.

Зөвхөн 2020 он гарсаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирсон бөгөөд тэднээс 82 хүүхэд нас барж, 290 нь гэмтжээ. Энэ хугацаанд улсын хэмжээнд 162 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон харамсалтай мэдээ бий. 

Засгийн газрын хуралдаанаар  хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалахад олон улсын жишгийн дагуу 8,000 хүүхэд тутамд нэг байцаагч байхаар цагдаагийн орон тоог 103-аар нэмэгдүүлж, төсвийг шийдвэрлэсэн билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл