8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Даринчулуун: Сайхан үнэтэй машин унасан хүмүүс дээрэлхүү талдаа байдаг

2016-03-28 10:33:00

Түм түжигнэж, бум бужигнасан их хотын чимээ нар уулын цаанаас мандаагүй байхад эхэлнэ. Хашаа цойлон архирах нохой, сүлжилдэн зөрөх машины сигнал. Энэ бол их хотын хөгжим адил эгшилэх олон чимээний нэгэн нот.  Үүр шөнийн заагаар их хотын шөнийн амьдрал түр саармагжиж, үргэлжлүүлэн гэрэлт нартай уралдан ажилдаа яарах хүмүүсийн хөлийн чимээнээр Нийслэл Улаанбаатар хотод маань нэгэн өглөө айлчлан ирнэ. Нар уулын цаанаас мишээн эхний цацрагаа хамгийн өндөр барилга дээр тусгах алдад аль хэдийнээ улаан дохиураа барьчихсан замын цагдаа адил зогсох энэ хүнийг Л. Даринчулуун гэдэг. Дүрэмт хувцастай цагдаа шиг бүх л хөдөлгөөнийг зохицуулахгүй ч өөртөө оногдсон ажил үүргийнхээ дагуу “Өгөөмөр” захын орох гарцын хөдөлгөөнийг зохицуулах нь түүний ажлын нэгэн үүрэг. Нас нэлээн хэвийсэн ч ажил үүргээ хянуур, чанартай хийхийг эрхэмлэдэг нь түүний амьдралдаа баримталдаг гол зарчмын нэг. “Амьдрал сайхан” булангынхаа зочиноор Л.Даринчулуун гуайг урихад: Тэрээр “Ажил минь л алдагдахгүй бол ярилцсан ч яахав дээ” гэх нь түүний ажилдаа шулуун шударга, хариуцлагатайг илтгэнэ. Л.Даринчулуун гуай одоо “Өгөөмөр” захад байцаагчаар ажилладаг бөгөөд түүний ажлын зав чөлөөгөөр бид хоёр ярилцахаар тохиролцож болзсон цагтаа уулзаж ярилцлагаа ийнхүү эхлүүлсэн юм.

- Сайхан хаваржиж байна уу? Юуны өмнө та  уншигчиддаа өөрийгөө танилцуулна уу?

- Намайг Л. Даринчулуун гэдэг одоо 59 настай. Би Говь-Алтай аймгийн хүн л дээ. Улаанбаатар хотод бага байхдаа ирж Дэнжийн мянгын 39-р сургуулийг төгссөн. Эхнэрийг маань Оюундарь гэдэг Сүхбаатар аймгийнх.  Би аав ээжээсээ есүүлээ байсан. Одоо тав нь л үлдэж дээ.

- Эхнэртэйгээ та хэдэн онд анх танилцаж байв?

- Би эхнэртэйгээ 1979 онд танилцаж байсан юм. Танилцаад бид хоёр тэр жилдээ л хуримаа хийсэн. Эхнэр маань Цэргийн төв эмнэлэгт ажилладаг байлаа. Бид хоёр дөрвөн охинтой. Одоо гурван хүргэн найман зээтэй болсон. Охидууд маань бүгд тусдаа гарсан.

- Та арван жилээ төгсөөд ямар сургуульд сурсан бэ?

- Мэргэжил боловсролтой болоод шууд л ажилтай болох юм байна гэж бодоод ТЕМСТ орсон. Барилгын техникийн мэргэжлийн сургуульд мужаанаар суралцаад Хөдөө аж ахуйн барилга конторт хувиарлагдаж  ажлын гараагаа эхэлж байлаа. Борнуурт 800 үнээний ферм, мянган тонны багтаамжтай төмсний агуулах зэргийг барилцсан. Тэр үед гурван жилийн гэрээтэй ажилладаг байсан. Гэрээгээ дуусгаад шууд л гурван жилийн хугацаатай цэрэгт явсан. Тэндээс л армитай миний амьдрал холбогдсон доо.

- Армитай амьдралаа холбосон гэж байна. Та цэргийн ангид ямар ажил хийж байв?

- Цэргийн албаас ардын армийн 107 авто жолооны сургуульд суралцаж жолооч болж тэндээ жолооны багшаар ажилласан. Дараа нь цэргийн 121, 096 ангиудад багшилаад УБДС сургуульд биеийн тамир цэрэгжилтийн тусгай мастер жолоочоор ажилласан. Армид 14 жил таван сар нийтдээ улсад  30 гаруй жил ажилласан даа. Тэгээд 1990 оноос хойш нийтийн тээврийн жолооч болсон. Тэр үед газ 69 –өөс эхлээд фургон, микро автобусаар хүн тээвэрт явдаг байлаа. Дэнжийн мянгаас нарантуулын хооронд 12 жил шугаманд явжээ.

- Та насаараа төмөр хүлгийн жолооч нарыг бэлддэг байжээ. Хэчнээн шавьтай вэ?

- Миний багшилж байх үед жолооч гэдэг чинь мэргэжил байлаа шүү дээ.  Тэр ч утгаараа жолооч нар цөөхөн байсан юм. Одоо харин хэрэглээ болчихсон цаг үе. Би чинь 70 гаруй шавь төгсгөсөн.  Жолооны багш гэдэг ер нь  хариуцлагатай ажил шүү дээ. Шавь нараа төгс боловсорсон мэдлэг чадвартай жолооч болоосой л гэж сургадаг байлаа. Миний үед жолооны багш дүрэм жолоо гээд бүх л талын мэдлэг өгдөг, суралцагсад маш өндөр мэдлэгтэй төгсдөг байсан. Одоо харин тэр үеийг гүйцэхгүй юм шиг санагддаг юм.

Одоо та “Өгөөмөр” захад байцаагчаар ажиллаж байна?  Таны ажил үүргийн чиг баримжаа юу вэ?

- Миний амьдрал жолооч нараар хүрээлүүлэх хувьтай юм байлгүй дээ. Одоо “Өгөөмөр” захад байцаагчаар ажиллаж байна. Захын гадуур, дотуурх үйл ажиллагааг зохицуулдаг. Сүүлийн үед орох хаалганы машины зохицуулалтыг хариуцаж ажиллаж байна.

Нэг гэрт арван хүн байлаа гэхэд адаглаад найм нь ажилтай байсан цаг үе. Гэтэл одоо арван хүний хоёр нь л ажилтай байна шүү дээ.

- Өглөө хэдэн цагт ирдэг вэ?

- Өглөө ажилдаа 8.30 –аас  ирээд  17 цаг хүртэл ажилладаг л даа. Гэхдээ зах тарахаар  зохицуулалт хийсээр байгаад  20 цаг хүргэдэг л юм. Амар ажил гэж юу байхав дээ. Байнгийн зогсч, ийш тийшээ холхидог учраас хөл жаахан өвддөг л юм. Одоо чинь миний насныханд ажил олдохгүй шүү дээ. Намайг энд ажиллуулж байгаад талархаад л ажлаа чин сэтгэлээсээ хийе л гэж боддог юм.

Ийнхүү Л.Даринчулуун гуай надтай ярилцаж байхдаа улаан дохиураа үргэлж дохиж зах руу орж байгаа машинуудад чиглэл өгч  ажлаа байнгийн хийж байсан юм. Гэтэл замын нэгдүгээр эгнээнд машин ирж зогсоход Л.Даринчулуун гуай  “За охин байж байгаараа, тэр машинтай уулзчихаад ирье гээд ухасхийлээ. Хүү минь ээ энд нэгдүгээрр эгнээнд зогсож болохгүй ээ. Урагшлаарай гэхэд жолооч дургүйцсэн байдалтай жуумалзаж  шилбэ татсанаа ухасхийн давхилаа. Л.Даринчулуун гуай ч олон хүнтэй харилцдаг болохоор хэцүү янз бүрийн л хүн таарна шүү дээ гээд бид хоёр яриагаа ийн үргэлжлүүллээ.

- Уулын мод урттай богинотой гэдэг шүү дээ. Жолооч нар тантай янз бүр л харилцдаг юм шиг байна?

- Ер нь бидний үед чинь хөдөө гадаа хаана ч ялгаагүй зам дээр нэг нь зогсчихсон байхад ямар ч яаруу ажилтай байсан. Яасан юу болов гээд л зогсоод тусладаг байсан. Монгол хүний нэг ёс жудагтай эрхэм зан чанар юм уу даа. Гэтэл одоо үед бол эсрэгээрээ машин нь эвдэрчихсэн нялх нойтон хүүхэдтэй хүн зам дагаж гараа өргөж гүйгээд ч зогсох жолооч цөөхөн болсон. Нийгэм нь хүнийг ийм болгож байгаа юм болов уу даа. Одоо бол нэгнээ хараах, урдуур нь орох гэж зүтгэх, өрсөлдөх, сигналддаг л болчихоод байна шүү дээ. Надтай  бол хүмүүс янз бүр л ханддаг юм. Зарим нь чи ер нь юу юм, хийдэг ажлаа л хий, энэ чиний ажил биш гэж уурладаг. Ер нь ажиглаад байхад сайхан үнэтэй машин унасан хүмүүс дээрэлхүү хандах талдаа байдаг. Дундаж амьдралтай хүмүүс  нь гайгүй ханддаг. Нийгмийн л нэг үзэгдэл байлгүй дээ.

Зарим нь чи ер нь юу юм, хийдэг ажлаа л хий, энэ чиний ажил биш гэж уурладаг.

- “Өгөөмөр” зах руу ордог нэг, гардаг хоёр хаалга байдаг юм байна. Өдөрт ойролцоогоор хичнээн машин ордог бол?

- Нарийн сайн тоолоод зогсдоггүй болохоор сайн мэдэхгүй байна. Барагцаалбал 200 орчим машин орж байгаа байх шүү.

- Энэ цаг үед ажил олдоход хэцүү болжээ гэж ярих юм. Таны бодлоор...?

Бидний үед сайхан байсан. Одоо ч хүмүүс мөнгөтэй, төгрөгтэй л болж. Гэхдээ л маш их зээлэн дээр тогтож байгаа юм шиг санагддаг юм. Тэр үед ядуурал туйлдаа хүрчихсэн байгаагүй. Нэг гэрт арван хүн байлаа гэхэд адаглаад найм нь ажилтай байсан цаг үе. Гэтэл одоо арван хүний хоёр нь л ажилтай байна шүү дээ.  Ажил олдохгүй байна гэж ялангуяа залуус их ярьдаг. Би бол эсрэг саналтай байдаг. Ажил хайгаад явбал зөндөө л байгаа. Залуус өөрсдөө ажлыг голоод хийдэггүй гэж боддог.

Энэ удаагийн “Амьдрал сайхан” булангаараа алтан шаргал замаар хөтөчөө хийж, амьдралынхаа бүх л үеийг жолооч нартай өнгөрүүлсэн. Лхажавын Даринчулуун гуайг уншигч тантай уулзууллаа. “Онц тээвэрчин” гэсэн эрхэм тэмдэгээр энгэрээ мялаасан эгэл жирийн энэ хүний амьдралдаа баримталдаг гол зарчим бол “ажлаа чин сэтгэлээсээ хийх”. гэсэн дөрвөн үг. Үнэхээр ч хийсэн жаахан ажлаа агуу болгож ярихаас илүү хүн бүр ,дор бүрнээ ажлаа чин сэтгэлээсээ хийж гэмээнэ Монгол орон маань хөгжин цэцэглэх нь лавтай буй за.   Бусдад гайхуулах энгэр дүүрэн тэмдэггүй ч, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах нь хүний амьдралын нэгэн жаргал юмаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
khishigee
ahiinhaa amidrald az jargal eruul enh saihan buhniig husie.
2017/11/11 27.123.214.124
Пүрэвдорж
Сайн аав шүү
2017/09/30 59.153.112.129
zochin
mundag hamgiin mundag aav. bas zovlogch. aav mine ih uhaantai mundag hun ih bodọj baga yridag. uuniig unshaad aaviigaa uneheer ih sanalaa, sanasanaa mederlee hajuud ni bhdaa ajil ihtei, holdood yvhaaraa hicheel ihtei, urgelj zavgui gdg ugiig heldeg hun
2016/03/30 103.17.108.42
zochin
haayaa ch gsen ingiin ardin yariltslaga unshih shan shuu yag amidral bdag
2016/03/28 103.17.108.42
Хааяа нэг ийм энгийн хүний яриа унших сайхан шүү
2016/03/28 103.17.108.42
goy goy
2016/03/28 103.17.108.42
тмс
тмс=техник мэргэжлийн сургууль гэж бичдэг юм гэж өмнөх сурвалжлага дээр чинь бас комент үлдээсэн.сүртэй юм биш ч уг нь сэтгүүлч хүн алдаагүй бичдэг байвал зүгээрсэн дэээ
2016/03/28 103.17.108.42
Зочин
Tiim shuuu zaluus aa tus tusdaa onogdson ajilaa hariutsalagtai hiij baiy aa bas joloo barihdaa bolgoomjtoi handatsgaagaarai manaihan ih buhimduu shuu tavhan minut huleehed l boloh ymand araas signaldana hamag haraalaa ursgana
2016/03/28 103.17.108.42