МАХН-ын дарга Н.Энхбаяр Сөүл хотыг зорьсон байна. Өнгөрсөн долоо хоногт Н.Энхбаяр болон АТГ хооронд нэлээд маргаан дэгдсэн. АТГ-аас гуравдугаар сарын 22-ны өдөр Төрийн ордон дотор Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярт сүр дуулиантай албан бичиг аваачиж өгсөн. Энэ явдалаас хойш долоо ч хонолгүй Н. Энхбаяр Солонгос руу явсан байна. Тэрбээр Солонгост эмчилгээ хийлгэчээд УИХ-ын сонгууль зарлахаар буцаж ирэх юм байна. 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын сонгууль зарлахын өмнө Н. Энхбаярыг баривчилж байсан түүхтэй. Ийм учраас баривчлахвий хэмээн болгоомжилж, буцсан байна.
Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар завдсан гэх мэдээллийн мөрөөр тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг хэлэхдээ “Сэжигтэн Н.Энхбаяр өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтад хүрэлцэн ирж, мэдүүлгээ өгөхгүй байгаа. Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярт нийт 5 удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах үүднээс сэжигтэн Н.Энхбаярт албан бичиг аваачиж өгсөн. Албан бичигт таны байгаа газарт Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид очиж мэдүүлэг авъя гэж дурдсан. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах зорилгоор байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг албан ёсоор албан тоотоор түүнд хүргүүлсэн. Албан бичгийг Монгол Улсын Шадар сайдын уулзалтын өрөөнд сэжигтэн Н.Энхбаяр өөрөө гардан авсан. Сэжигтэн Н.Энхбаярыг батлан даалтад авсан нэр бүхий албан тушаалтнууд хуулиар хүлээсэн хариуцлагаа мөн биелүүлэхгүй байгаа. Авлигатай тэмцэх газрын зүгээс хууль биелүүлэхийн тулд боломжит бүхий л байдлаар ажиллаж байна” гэсэн хариултыг өгч байсан. Энэ үеэр хэлсэн анхаарал татахуйц нэг зүйл “таван удаа зарлан дуудах өгсөн. Гэхдээ хилийн хориг тавиагүй” гэсэн хариултыг өгч байсан. Нялх хүүхэдтэй хүнийг оргон зайлах магадлалтай хэмээн саяхан баривчилсан. Гэтэл удаа дараа зарлан дуудах хуудас өгч байсан Н.Энхбаяр гэх эрхэм чимээгүйхэн хилээр ямар хориггүйгээр гараад явжээ.
Уг нь эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасанчлан мэдүүлэг өгөхөөс татгалзвал Эрүүгийн хуульд заасанчлан хариуцлага хүлээх тухай зааж өгсөн байдаг. Харамсалтай эрхэм даргад хууль үйлчилсэнгүй.
АТГ-ынхан төрийн ордонд албан бичиг аваачиж өгөхөд МАХН-ынхан бужигнаж, түгшүүрийн байдалд орж эхлэсэн. Өнгөрсөн тав дахь өдөр түүнийг нисэхэд МАХН-ынхан нисэх буудал дээр олуулаа очиж гаргаж өгсөн байна. Учир нь түүнийг баривчлах вий хэмээн нэлээд сандарсан сурагтай. Ийнхүү дээсэн дөрөөн дээр дэнжигнэн байж тэрбээр эмчилгээ хийлгэх нэрээр нисэж одлоо.