8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол улсын аялал жуулчлалын салбар 400 гаруй сая долларын алдагдалд оржээ

2020-09-28 11:50:27

Жил бүрийн 9-р сарын 27 өдрийг Дэлхий нийтээр Аялал жуулчлалын өдөр тохиодог. Энэ өдрийг угтан  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил” сэдвийн дор аялал жуулчлалын салбарын бүх шатны төлөөллүүдтэй чууллаа. Дэлхий дахинд “Ковид-19” цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор жуулчдын урсгал хязгаарлагдаж, эдийн засгийн хүндрэлд хамгийн их өртөж байгаа салбарын нэг нь аялал жуулчлал юм. Энэ утгаараа Д.Сарангэрэл сайд аялал жуулчлалын салбарын төлөөлүүдтэй уулзаж өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Өнөөдрийн байдлаар Монгол улсын аялал жуулчлалын салбар Ковид-19 цар тахлаас үүдэн 400 гаруй саяр долларын алдагдалд ороод байна. Гэхдээ би алдагдалд орлоо гээд гар хумхин суухгүйгээр харин ч боломж болгон ашиглахаар ажиллаж байгаа. Тухайлбал, бид гадны жуулчин хүлээн авах боломжгүй энэ хугацаанд аялал жуулчлалын салбарын бэлтгэл ажлыг хийх, дэд бүтцийг сайжруулах, хүний нөөцөө бэлтгэх гэх мэт олон ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Өнөөдрийн энэхүү уулзалтаар аялал жуулчлалын чиглэлийн мэргэжлийн байгууллага, холбоод, компаниудын төлөөллийг оролцуулан төр, хувийн хэвшлийн түшнлэлийн хүрээнд аялал жуулчлалаа хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, нэг сая жуулчны зорилтод хүрэхэд бид юу хийх вэ гэдэг талаар чөлөөтэй санал солилцож, тодорхой шийдлүүдийг гаргаж байгаа юм.”

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан мэдээллээр 2020 оны 6-р сарын байдлаар жуулчдын тоо дэлхий дахинд 92 хувь, Ази, Номхон далайн орнуудад 99 хувиар тус тус буурч, салбарын алдагдал 910 тэрбум долларт хүрсэн, аялал жуулчлалаас бий болсон 100 гаруй сая ажлын байр эрсдэлд орсон үзүүлэлттэй байгааг мэдээлсэн.

Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр:  “Аялал жуулчлал гэдэг бол олон салбарыг нэгтгэдэг цогц салбар гэдгээрээ онцлогтой. Нөгөө талаасаа хөдөөг хоттой, малчин ахуйг гадны биенесментэй, цаашлаад Монголыг дэлхий ертөнцтэй холбож байдаг гүүр салбар юм. Ковид-19 цар тахлаас үүдэн гаднаас Монголд жуулчдыг оруулж ирдэг 450 тур компаний өнөөдрийн байдлаар тэг зогсолт хийгээд байна. Эдгээрээс 300 компани хаалгаа барьсан байдалтай байна. Үүнийг дагаад тухайн компаниас гадна зөөж авчирдаг нислэгийн компани, байрлуулдаг зочид буудлууд, хэлмэрч, хөтөч гээд бүгд тэг зогсолтод өртөж маш байдалд байгаа. Өнөөдрийн уулзалтаар салбарын сайд, удирдлагуудтай хамтран энэ нөхцөл байдлыг хэрхэн даван туулах, яаж дасан зохицох, ирээдүйд хэрхэх тухай ярилцлаа. Тодорхой шийдлүүд хэрэгжиж, үр дүнгээ өгнө гэж итгэж байна.”Цаашид Монголын Аялал жуулчлалын салбарын хувьд хэрхэн богино хугацаанд эргэн сэргэлтийг бий болгох, цар тахлын дараах даван туулах  арга замыг хамтдаа тодорхойлж, ирэх жилүүдэд хүчээ нэгтгэж, ажиллах хэрэгтэйг энэ үеэр салбарын мэргэжилтнүүд хэлсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment