Уншигч таныг шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдөл, шинэ амьдралын зорилго, шинэ тэмүүллээр дүүрэн Шинэ долоо хоногоо эхлүүлсэн гэдэг итгэлтэй байна. Тас хийсэн өвлийг час хийтэл мэдрүүлсэн энэ өдөр танд хүйтний эрч улам чангарахыг мэргэжилтнүүд анхаарууллаа. Тиймээс уншигч та дулаан хувцаслаарай. Хэрэв ханиад хүрч, ажлын эрч хүч чинь сулраад байвал нимбэг буюу лимоныг шүүсийг буцалсан халуун усанд шахаж түүнийгээ бага зэрэг зөгийн балаар амтлан уувал гайхалтай сайн эм болно шүү.
Нийслэл Улаанбаатарт өнөөдөр үйл явдал өрнүүн өнгөрлөө. Тойм мэдээллийн "Монголын нэг өдөр" булангаараа өнөөдөр болсон үйл явдлыг товчхон хүргэе. Засгийг огцрох бичигт гарын үсэг цуглуулж яваа Т.Уянга гишүүн гарын үсэг зурсан гишүүдээ зарлаж улс төрд бас л нэгэн сонин үйл явдал эхлүүлэх шиг. Өмнө нь цаг нь болоогүй хэмээн асуултаас зугтдаг байсан эрхэм гишүүн өөрийн цахим хуудсаараа Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийг зарлах нь тэр. Бас нэг онцлох үйл явдал нь "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын нэр төрийг шүүх сэргээлээ.
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэв
Төрийн ордны хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтэрч, гал нээснийхээ төлөө зандалчлах гэсэн зүйл ангиар долоон жилийн ял сонссон Ц.Мөнхбаяр өршөөлийн хуулинд хамрагдаж эрх чөлөөтэй болсон.
Тэгвэл Ц.Мөнхбаяр өршөөгдсөн даруйдаа "Бусдыг дарамталж, их хэмжээний мөнгө нэхсэн гэж зарим иргэд миний нэр хүндэд халдсан" хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгдээд байсан. Тэгвэл уг гомдлын шүүх хурал өнөөдөр болж шийдвэрээ гаргажээ.
Ингэхдээ дарамт шахалт үзүүлж орон нутагт алт олборлодог компаниудаас мөнгө нэхэмжилж авдаг байсан гэх мэдээллийг олон нийтэд зарласан “АУМ алт” ХХК-ийн захирал Ц.Мягмардоржийг хариуцагчаар татсанаар Ц.Мягмардорж буруугаа ухаарч, Ц.Мөнхбаяртай гурав хоногийн өмнө Эвлэрэлийн гэрээ байгуулсан байна.
Нэрт сэтгүүлч, нийтлэлч Л.Болормаагийн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ
Өнгөрсөн амралтын өдөр Монголын сэтгүүлзүйн салбарт нэгэн од харвасан нь нэрт сэтгүүлч, нийтлэлч Л.Болормаа таалал төгссөн явдал байлаа. Харамсалтай уг мэдээллийг нийгэм их эмзэг хүлээж авсан.
Арга ч үгүй биз төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэргийг илрүүлж чадалгүй 17 жил өнгөрч өдгөө эхнэр Булганыг нь баривчилсан дараахан ийн нэгэн сэтгүүлч гэртээ амиа алдсан мэдээ нийгмийг цочроосон. Ц.Мөнхбаяртай гурав хоногийн өмнө Эвлэрэлийн гэрээ байгуулсан байна. Тэгвэл дүгнэлтээр гадны ямар нэгэн нөлөөгүй, даралт нь өндөр байсан учир цус харвасан байж болзошгүй гэсэн байна.
Гэвч Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингис сэтгүүлчийн амиа алдсан явдлыг зуурдын үхэл гэж харахаасаа илүү гадны нөлөөтэйгөөр амиа алдсан байж болох бүхий л зүйлийг шалгаж үзэхийг үүрэгджээ.
Тиймдээ ч цагдаагийнхан “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн редакци дээр нь очиж, компюьтерийг нь хурааж авчээ. Өнөөдөр мэргэжил нэгт нөхөд нь болоод хамтдаа мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхөд нь түүнд зориулан барилгачдын талбайд зул өргөсөн юм. Лунтангийн Болормаа нь шинэ цагийн сэтгүүлзүйн салбарын шилдэг төлөөлөгч байсан юм. Л.Болормаа нь эдийн засаг, нийгэм, улс төр, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан бичдэг бөгөөд “Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагналтан байсан юм.
Хууль дүрэм үйлчилдэггүй "Хурд" группт хариуцлага тооцох уу
Барилгын талбайд сүүлийн жилүүдэд олон хүн нас барах болсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 хороонд байрлах “Хурд” хороололын гурван давхараас хүн унаж нас барсан хэрэг гарсан.
Тэгвэл уг харамсалтай хэрэг нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн "Хурд" группт гарсан бөгөөд энэ талаархи мэдээллийг манай сэтгүүлч нэхэн сурвалжилсан юм.
“Женко” Х.Баттулга + Төмөр зам+ Дуулиан
Сүүлийн үед УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой олон мэдээлэл гарах бослон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт нэгэн ноцтой баримт дэлгэгдсэн.
Тодруулбал “Шинэ төмөр зам” төслийн шугамаар “Самсунг” компанийн дансанд орсон мөнгөний 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүмүүсийн данс руу эргэн орсон асуудлыг баримтаар нотолжээ. Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нараас гадна тухайн үед ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, болон түүний анхны эхнэр Ц.Энхтуяа, МоАХ-ын болон хожим нь “МТЗ” ТӨХК-ийн санхүүг барьж байсан, Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатарын охин Б.Мөнхзул /одоо хар тамхитай холбоотой хэрэгт шалгагдаж байгаа/ нарын нэр дээр сэжигтэй гүйлгээ хийсэн эсэхэд хууль хяналтынхан хяналт тавьж ажиллаж байна юм.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Түүнийг Шадар сайд Тэрбишдагва, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар угтаж авсан юм.
Монголын урлаг музейтэй болов
Сансарт байрлах “Барилга мега стор”-д Монголын урлагийн музейн нээлтээ хийлээ. Урлагийн бүтээлийг дээдлэгч, цуглуулагч Д.Батбаярын санаачлан байгуулсан уг музейн нь манай улсын урлагийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн юм.
Музей Монголын орчин үеийн урлагийн, хүрэл зэвсэгийн үеийн гээд үндсэн дөрөв болон дэд танхимтай.
Эхний танхимд манай орчин үеийн зураачдын шилдэг бүтээлүүдийг тавьжээ.
XVII-XIX үеийн угсаатны зүй танхимд хүрэл зэвсгийн үед хэрэглэж байсан ховор эд зүйлс, сархинаган тоонотой эртний монгол гэрийн үүд хэсэг, тухайн үед уран бүтээлээ туурвиж байсан өндөр гэгээн Занабазарын бүтээсэн ногоон Дарь эх, танка зураг болон бурхдын цутгамал зэрэг ховорт тооцогдог эртний урлагийн бүтээлүүд зэрэг олон сонирхолтой үзмэрүүд тус музейд тавигдсан байна.
Ирвэс хамгаалагч залуугийн үхлийн шалтгааныг тодруулахаар шалгаж эхэлжээ
"Машинаа гаражид тавиад ирье" хэмээн нийслэл дэх гэрээсээ гарсан 27 настай залуу амиа алдсан байдалтайгаар Хөвсгөл далайгаас олдсон харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, түүний цогцсыг зургаан хоногийн дараа Хөвсгөлөөс олсон нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэх хардлагыг төрүүлсэн. Мөн талийгаач залуугийн аав нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа хүүгээ удаа дараа дарамтлуулж, халдлагад өртөж байсан тухай ярьсан байдаг. Уг хэрэгт УИХ-ын зарим гишүүн анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Тэгвэл цагдаагийн байгууллагаас түүний нас барсан шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа аж.
Жүдочид Чиндаогийн Гранприд II Байрт оров
БНХАУ-ын Чиндаод олимпийн эрхийн оноо олгох уламжлалт Гранпри тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж өндөрлөлсөн. Уг гранпри тэмцээнд 59 орны 375 жүдоч өрсөлдсөнөөс Япон улс 5 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж тэргүүлсэн бол Монгол, Азарбайжан, БНХАУ, БНСУ-ын багууд удаалсан байна.Манай тамирчид 57кг-д барилдсан Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр нар алтан медаль хүртсэн. Харин мөнгөн медалийг Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар энгэртээ зүүсэн. Мөн эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаяр, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон нар хүрэл медаль хүртэж манай багийн медалийн тоог нэмсэн.
Мэргэжлийн сумо дахь Монголчуудын хаанчлал үргэлжилж Их аварга Харумафужи Д.Бямбадорж түрүүлэв
Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын барилдаанд 13 даваа, хоёр унаатайгаар 2 жилийн дараа түрүүлж Японы эзэн хааны цомыг долоо дахь удаагаа хүртлээ.
Харин их аварга Хакүхо М.Даваажаргалын хувьд өчигдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Анандад унаснаар 3 унаатай болж түрүү бөхийн төлөө өрсөлдөх боломжгүй болсон юм.
Дээд зиндаанд барилдсан бөхчүүдээс Их аварга Какүрюү М.Ананд 9 даваа, 6 унаатай, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9 даваа, 6 унаатай, маэгаширагийн нэгээс босч барилдаж Ичиножёо А.Ичинноров 6 даваа 9 унаатайгаар башёг өндөрлүүлж байна.