8o
Улаанбаатар хот
mobile menu

“Нандин гоёо” урлаач

2020-07-01 15:34:19

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэсэн Монгол ардын зүйр үг бий. Монголчууд өнө эртнээс нэгэндээ тус дэмтэй явсаар ирсэн уламжлалтай. Тэр ч утгаараа хөдөлмөрлөхийн сайхныг мэдэрч, тэр мэдрэмжээ бусдад ч мэдрүүлэхээр мэдсэн сурснаа түгээж яваа үйлчин нэгэн бүсгүйтэй ярилцлаа. Тэрээр тэс өөр мэргэжилтэй ч өөрийн хичээл зүтгэлээр савхин бээлий оёж сурсан төдийгүй бизнесээ өргөжүүлж зорилтот бүлгийн иргэдийг ажлын байраар хангаж байна. Бизнесээ өргөжүүлэхэд нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр маш их дэм болсон талаар онцлоод энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

“Нандин гоёо” урлалын менежер Д.Рэнцэнсүрэнтэй ярилцлаа.

-Арьсан эдлэл оёход хэцүү юу. Энэ чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн үү, эсвэл удам дамжсан оёдолчин уу?

-Би аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээний чиглэлээр сургууль төгссөн. Ханийн маань ээж савхин бээлийний үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Тухайн үеийн савхин бээлийний компаниуд бүгд хувьчлагдаж, тоног төхөөрөмжөө хувьдаа авч хувь хувьдаа савхин бээлий хийдэг болсон юм билээ. Савхин бээлий урладаг айлд бэр орж, тэс өөр мэргэжлээр буюу оёдолчин болсон доо. Эхлээд хадмуудтайгаа нийлж хийдэг байсан бол 2000 оноос хойш тусдаа гарч, ханьтайгаа гэртээ хийж эхэлсэн. Манайх захиалгаар бээлий хийдэггүй, массын хэмжээнд оёдог. Зун нь өөрсдийнхөө боломжоор бэлдээд өвөл хийсэн бүтээгдэхүүнээ борлуулдаг. Анх Нарантуул худалдааны төв дээр гар дээрээс борлуулдаг байлаа. Сүүлдээ лангуу түрээслэдэг болсон. Дан ганц Нарантуул дээр борлуулахаас гадна хөдөө орон нутгийн бөөний төвийхөн манайхаас бээлийгээ авдаг болсон. Орон нутгийн харилцагч ихтэй болж, жил жилээр үйлдвэрлэх тоо нь ч нэмэгдэж, тоног төхөөрөмжөө нэмж эхэлсэн дээ.

-Гарааны бизнесээ эхлүүлээд нэлээд удсан юм байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт хэрхэн хамрагдсан талаараа сонирхуулбал?

-Эхэндээ гэртээ үйлдвэрлэл эрхэлж байгаад сүүлдээ нэг өрөөндөө хийдэг болсон. Цаашлаад СӨХ-ноос энэ ажлын байрыг түрээслэсэн. Үйлдвэрлэл явуулж байх үедээ ажлын байрыг дэмжсэн, 35-аас дээш насныхныг дэмжсэн төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл авсан. Мэдээллийнхээ дагуу хороон дээрээ очиж хөдөлмөр, халамжийн мэргэжилтэнтэй уулзан төсөлд хамрагдах хүсэлтээ өгсөн. Төслийн материал хүлээн авч байсан цаг хугацаа таарсан учир шаадлагатай баримт материалыг хугацаанд бүрдүүлж өгөөд, ажлын байраа үзүүлсэн. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар эргэлтийн хөрөнгөө сайжруулж, тоног төхөөрөмж нэмж авсан. Жилд хийгдэх бүтээгдэхүүний тоо олширч, гар ажиллагаа хөнгөвчилж, мөн туслах ажилчин нэмж ажиллуулсан гээд ач холбогдлоо өгсөн хөтөлбөр болж чадсан.

-Эргэн төлөлтөө бөөнд нь өгдөг үү?

-Эргэн төлөлтөө хоёр жилийн хугацаанд сар сардаа төлдөг. Энэ төсөлд хамрагдсаны хамгийн давуу тал нь барьцаа хөрөнгө шаардахгүй, дээрээс нь хүүгүй, жил нь урт учраас бидний амьдралд дэмтэй. Гэтэл банкны хүү жилийн хамгийн багадаа 20 хувь, дээрээс нь барьцаа хөрөнгөгүй бол зээл олдохгүй.

-Нэг хамрагдсан хүн дахиж хамрагдах боломжтой юм болов уу?

-Нэг төсөлд хамрагдсан хүн дахиж хамрагдахад тодорхой хугацаа шаарддаг гэсэн. Бодвол аль болох олон хүний бизнест дэмжлэг үзүүлэх бодлого байдаг байх. Миний хувьд зээл авбал хурдан хугацаанд, хугацаанаас нь өмнө шахаж дуусгах дуртай. Ер нь өртэй байх дургүй, болж өгвөл урьдчилаад хоёр сараар нь хийгээд зээлээ хаахыг боддог. Төслийн багт саналаа уламжлахад, төсөлд хамрагсдан хүмүүсээ урамшуулаад, хоёр жилийн дараа ч юм уу хэмжээг нь ихэсгээд, хугацааг нь уртасгаад дэмжээд явбал бид нар шиг жижиг цехүүдэд хэрэгтэй юм болов уу гэж боддог. Бид аль чадахаараа гадуур ажилд орж чадахгүй байгаа хүмүүсийг ажлын байраар хангадаг. Жишээ нь, 40-өөс дээш насны, хөгжлийн бэрхшээлтэй, тодорхой мэргэжилгүй хүмүүсээр гоёл оёулна, өвлийн цагт нэмэлт ажилтнаар авна, борлуулагчаар ажиллуулна гээд дэм болдог. Хүн хүний хийж байгаа үйлдвэрлэл, бизнес өөр өөрийн онцлогтой. Манайх гэхэд савхин эдлэлийн түүхий эд үнэтэй. Нэг ямааны арьсыг багадаа 16-18000-аар авдаг. Жилд нэг, хоёр зуун ширхэгийг авахгүй ш дээ, их хэмжээгээр авч байж үйлдвэрлэлээ хангадаг. Бараг хоёроос гурван мянган арьс авдаг. Хэдийгээр гэр бүлийн бизнес хэдий ч ардаа 3-4 өрх тэжээж байна. Голдуу өрх толгойлсон ээж, тэтгэвэртээ гарсан, ажил хийх боломжгүй тийм хүмүүсийг ажлын байраар хангадаг. Манай бүтээгдэхүүний түүхий эд нь өртөг өндөртэй, бүтээгдэхүүнээ их тоогоор хийж байж ашиг гардаг. Мөн улирлын чанартай учраас жилийн талд нь бэлдээд үлдсэн хэдхэн сард нь борлуулагддаг. Ингэхээр эргэлт бага, ашиг олох хугацаа нь богино байдаг. Оёдолчдоо ч бусад зөөлөн оёдлын хүмүүсийн дэргэд өндөр цалин өгдөг гэж боддог.

-Түүхий эдээ Монголоос авдаг уу?

-Тийм. Хонь, ямааны арьс боловсруулдаг том том арьсны үйлдвэрүүд бий. Манайх найдвартай нэг л газраасаа түүхий эдээ авдаг. “Буурал гол” гээд компанитай бараг 15 жил харьцаж байна. Энэ компаниас байнга авч байгаагийн шалтгаан нь байнгын хэрэглэгчээ алдахгүйн тулд юм. Бидний хувьд 8-9 орон нутгийн байнгын харилцагчтай болчихсон. Тиймээс хэдий арьс нь үнэтэй байлаа ч чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчиддээ өгөхийн тулд, уг компаний үйлдвэрлэсэн арьс эдэлгээ маш сайн даадаг учраас энэ олон жил түншилж байна.

-Таны хувьд гэрээрээ бээлий оёж сурсан гэлээ. Савхин эдлэл бусад оёдлоос хэцүү юу. Гарын ур дүйтэй, зөөлөн оёдол оёдог ч орлого муу байгаа ээжүүд тань дээр ирж савхин бээлий оёж суръя гэвэл боломжтой юу?

-Би анх гэртээ ээжийнхээ гар машин дээр л ойр зуурын юм оёдог байсан. Эхлээд суралцахад хэцүү байсан ч хурдан хугацаанд сурсан гэж боддог. Хадам ээж ч сайн зөвлөж, нөхөр маань ч нэхий бээлий оёдог байсан. Хажууд нь байнга хараад байхаар хурдацтай сурчихдаг юм билээ. Савхин бээлий ажлын дамжлага маш ихтэй, есөн дамжлагатай, гар ажиллагаа өндөр. Дээрээс нь савхин бээлийний оёдол нь нэлээд няхуур, нямбай учраас тууштай хүмүүс л сурна. Гэхдээ оёдол хийх сонирхолтой хүмүүст манайх нээлттэй. Сүүлийн жилүүдэд ажиглаад байхад яг суугаад оёдол хийх хүмүүс цөөрсөн байна. Ялангуяа охидууд суугаа, тэр дундаа оёдлын ажлаас зугтаадаг болчихсон мэт санагдсан. Тиймээс 40-өөс дээш насныхан тууштай, дайчин болохоор түлхүү ханддаг юм болов уу.

Манайх сүүлийн бараг 10 жил Мишээл экспогийн цагаан сарын үзэсгэлэн худалдаанд оролцохоос гадна Дүнжингарав, Хүннү моллын үзэсгэлэнд оролцож байна. 2019 оноос эхлэн манай бүтээгдэхүүн “Нандин гоёо” нэрээр үйлдвэрлэгдэж эхэлсэн. Анх Монгол савхин бээлий гээд бүгд ижил цагаан шошготой гардаг байсан. Тухайн үедээ эргээд холбогдох ямар ч дугаар, нэрийн хуудас байдаггүй байсан. Орон нутгийн худалдан авагч нартайгаа холбогдож чадахгүй хүндрэлтэй байсан болохоор нэрийн хуудастай болсон. Сүүлийн хоёр жил бүтээгдэхүүндээ нэр өгч, бусад ижил төрлийн бээлий үйлдвэрлэж байгаа газруудаас ялгарах нь зүйтэй юм гэж үзээд “Нандин гоёо” гэж нэр өгсөн. Ямар нэгэн асуудал гарлаа гэхэд манай шошгон дээр бүх утасны дугаар, холбогдох зүйлс байгаа. Гомдол мэдүүлэхээсээ илүүтэй дахин худалдан авалт хийх гэж иргэд холбогддог. Нэг ширхэг бээлий байсан ч гэрээсээ гаргаад л өгдөг. Корона гээд сая хоёрдугаар сард бараг борлуулалтаа байрныхаа хажууд хийлээ ш дээ. /инээв/ Сүүлийн жилүүдэд бээлий хэрэглээ гэхээсээ илүү загвар талдаа хөгжиж байна. Сонирхуулахад, 9, 10 дугаар сард үзэсгэлэнд зориулж маш гоё гоё бээлий хийдэг шүү.  Мөн манай утас лавлахуудад бий.

-Савхин бээлий худалдаж авахад хүндрэлтэй асуудал их байдаг. Бэлгэнд бээлий худалдаж авахаар багадах, томдохоос эхлээд асуудал үүсдэг. Тийм тохиолдлуудад байнгын найдвартай хүнээсээ худалдан авалт хийдэг болчихвол амар л юм. Ярилцсанд баярлалаа.

  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Т. Нарантуул
Ангийн минь охин мундаг байна. Гялалзаж байна шүү. Найздаа улам их амжилт хүсье.
2020/07/02 66.181.161.64