8o
Улаанбаатар хот
mobile menu

Элсэлтийн ерөнхий шалгалтын журмаас

2020-06-29 10:26:00

1. ЭЕШ-ын хуваарийг БСШУСЯ-тай зөвшилцөн БҮТ / http://www.eec.mn/article449/ зарласан бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна.

2. Шалгуулагчид Та бүхэн шалгалтын байранд “Суудлын хуваарь”-т бичигдсэн хугацаанаас хоцрохгүй ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурьдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.

3. Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

3.1 Бүртгэлийн хуудас / 2020 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас QR код бүхий “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна/;

3.2 Суудлын хуваарь;

3.3 Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавалгааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/;

3.4 Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичиг.

4. Шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

5. ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

6. Хариултын хуудсыг санамжийн дагуу балын харандаагаар тод засваргүй бөглөнө.

7. Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас /цаашид шалгалтын материал гэх/-ыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд зөвшөөрөгдсөн эрх бүхий хүнээс бусад хүн орж, гарахыг хориглоно.

8. Шалгуулагч эрүүл мэндийн байдлаас болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.

9. Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэх явцад бусдаас дэмжлэг тусламж авах, бусдад тусалсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулбал шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно.

10. Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтын дүн оноог хүчингүй болгоно.

11. Иргэн, хуулийн этгээд нь шалгуулагчийг хууль бус үйлдэл гаргахад дэмжлэг үзүүлсэн, үгсэн хуйвалдсан, нуун дарагдуулах, ЭЕШ-ын бэлтгэл болон явц, дүн оноотой холбоотой санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр худал мэдээлэл тарааж байгууллагын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

12. ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай болон шалгалтын дүн оноотой холбоотой бичиг баримтыг шалгуулагч хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл