8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2020-05-26 21:17:41

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэх асуудлын төслийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулав.

Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд таван бүлгийн 749 ажил хийхээр өнгөрсөн онд Нийслэлийн ИТХ-аар баталсан. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 57 хувьтай үргэлжилж байгаа аж.

Мөн цахим биржээр газрын дуудлага худалдааг дөрвөн удаа зохион байгуулж, 263 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. 

Газар чөлөөлөлтийн ажил 71 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд иргэд, оршин суугчдын тав тухыг алдагдуулж, орц гарцыг хаасан асуудлыг үе шаттай шийдвэрлэж байгааг танилцууллаа.

“Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах, иргэдээс ирүүлж буй нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих нийгмийн барилга байгууламжийн газрыг шийдвэрлэх зэрэг шаардлага гарсан тул Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон” гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай онцолсон юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Төлөөлөгчид холбогдох албанаас тодруулга мэдээлэл авлаа. Дэлгэрэнгүйг хүргэе.

Төлөөлөгч Ч.Гантулга:  -Баянзүрх дүүргийн нутаг, XIII хороолол хүн амын төвлөрөл ихтэй. Орон сууцны хороолол учраас газрын маргаан ч их гардаг. Арав гаруй жилийн өмнө ухаж, хашаалаад бүтээн байгуулалт явуулаагүй хэд хэдэн байршил бий. Мөн явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ байрлуулдаг зөрчил гардаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай: -Барилга, байгууламж барихаар газрыг хашаалсан зөрчлийг арилгуулахаар бид ажлын хэсэг гаргаж, хууль, тогтоомжийн дагуу зөрчлийг арилгуулж байгаа. Мөн нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэхээр ажиллаж байна.  

Төлөөлөгч Ш.Үнэнбат: -Баянгол дүүргийн нутаг, Гурвалжингийн гүүр орчимд том оврын тээврийн хэрэгслүүд олноор зогсдог. Үүний улмаас хөрс ихээр бохирдож байгаа. Тиймээс тухайн хэсэгт тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлдэг хашаа байгуулах шаардлага тулгараад байна. Үүнийг газар зохион  байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломжтой юу?

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай: -Гурвалжингийн гүүр орчимд том оврын тээврийн хэрэгслүүд зогсож, үйлчилгээ үзүүлдэг. Бид энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Шийдвэрлээд эргэн мэдээлэх болно.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан: -“Тэхийн зогсоол” гэж нэрлэдэг ийм зогсоолууд дүүрэг бүрт байгаа. Бид энэ асуудалд анхаарал хандуулж буй бөгөөд өчигдөр уулзаж асуудлыг ярилцсан. Цаашдаа эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, орчны бохирдол үүсгэдэг эдгээр газруудыг цэгцэлж, Сонгинохайрхан дүүргийн Авто худалдааны цогцолбор руу нүүлгэхээр шийдвэрлэсэн. 

Төлөөлөгч Ж.Батсайхан: -Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба дүүргийн Газрын албадтай ажлаа хэрхэн уялдуулдаг вэ. Дээрээс нь зөрчилтэй барилгуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх төлөвлөгөөтэй байна вэ?

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай: - Газрын албадтай өдөр тутам холбогдож, ажлын нягт уялдаатай байдаг. Аливаа асуудал шийдэгдэхгүй удаж байвал Засаг даргын гаргах шийдвэрээс шалтгаалж, удааширсан байж болзошгүй. Зөрчилтэй барилгуудын тухайд ямар төрлийн зөрчил гэдгээс их хамаарна. Барилга барих явцдаа зөрчил гаргасан уу, эсвэл ямар ч зөвшөөрөлгүй барилга барьж байна уу гэдэг чухал. Ямар нэгэн зөвшөөрөлгүй барилга барьж байвал бид шүүхэд нэхэмжлэл гарган буулгадаг.

Ийнхүү төлөөлөгчид нэмэлт тодруулга авч, саналаа хэлсэн юм.

Тухайлбал, төлөөлөгч Б.Сүхбаатар нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт чөлөөлсөн хоёр байршлыг газар зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлтөд оруулах санал гаргав. НОСК-иас энэ жил дөрвөн га талбарт орон сууц барихаар болсон бөгөөд энэ хүрээнд дээрх санаачилгыг гаргасан юм.

Мөн төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Газар аваад зориулалт бусаар ашигладаг байдалтай хатуу тэмцэх хэрэгтэй. Номын сан барина гэж газар авчихаад орон сууц барьдаг байж болохгүй. Мөн дунд шатанд “газрын хулгайч” олон байна. Энэ асуудлыг шат шатандаа анхаарч, үзэн шийдвэрлэх хэрэгтэй.

Чингэлтэй дүүрэгт гэхэд 900 иргэний газрын өргөдлийг ширээнийхээ нүдэнд хийгээд дарчихсан байсан. Засаг даргадаа танилцуулдаггүй, иргэдэд хариу өгдөггүй, Газрын албанд танилцуулдаггүй энэ мэт асуудлыг шийдэх ёстой” гэсэн юм.

Ингээд хуралдаанаар төлөөлөгчдийн гаргасан саналыг нэмж тусган, Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн.

Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар төлөөлөгч М.Тулгатыг сонгож, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулав. Мөн төлөөлөгч Ё.Цацралтуяаг Тэргүүлэгчийн бүрэлдэхүүнд нэмж Ардчилсан намын бүлгийн Тэргүүлэгч П.Батчимэг, Т.Батцогт нар УИХ-д нэр дэвшиж байгаа тул ийнхүү бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment