Хаврын өдөр уртасч, халуухан улс төр үйл явдалаар дүүрэн байна. Сонгуулийн дуулиан ид дэгдэж, сонгогчид ч юм бодож эхэлсэн энэ цаг үед МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудал дахин анхаарлын төвд орж ирэх бололтой. Учир нь өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан байцаана гэдгээ АТГ-аас мэдэгдлээ. Ингэхдээ уг мэдэгдлийг АТГ-ын ажилтнууд Төрийн ордонд ажиллаж байсан н.Энхбаярт өөрийн биеэр гардуулан өгчээ. Түүнд энэ хугацаанд АТГ-ынхан Мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд 5 удаа зарлан дуудах хуудас явуулж, хэргүүдэд тайлбар авах гэсэн ч нэг ч удаа ирээгүй тул АТГ-ынхан сүүлийн аргаа хэрэглэсэн нь энэ аж.
АТГ-аас Н.Энхбаярт хоёр ч хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Эхнийх нь МАХН-ын байрны асуудалтай холбоотойгоор Н.Энхбаярыг шалгаж байгаа гэдгээ АТГ-аас аль эрт мэдэгдсэн. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн 900 метр квадрат талбай бүхий байрыг АНУ-ын иргэд Гинсбургээс худалдан авахдаа залилан мэхлэх аргаар худалдаж авсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа юм. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар авсан гэж эрүүгийн хэрэг үүсгээд буй. Харин дараагийх нь Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байсан их хэмжээний мөнгөний хэрэг. АТГ-аас Г.Шийлэгдамбыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ажлын өрөөнөөс нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулсан. Түүнийг ажлын өрөөндөө 500 сая төгрөг авлигад авах гэж байхад нь үйлдэл дээр нь саатуулсан. Гэвч тэрбээр хоригдож байхдаа биеийн байдал нь муудаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд хоёр оны зааг дээр батлан даалтад гарсан юм. Үүнийхээ дараа тэрбээр ил захидал илгээж, захиандаа мөнгийг авах байсан “цаад эзэн” хэн байсныг илчилж орхисон. Тодруулбал, "Уг мөнгийг намын санхүүжилтэд зориулж авсан. Санхүүжилт олж ир, чадахгүй бол ажлаа өг гэж Н.Энхбаяр дарга байнга шахдаг байсан. Эхний ээлжинд авсан мөнгөө намын даргадаа өгсөн. Үлдсэн мөнгийг нь ч гэсэн өгөх байсан" гэж намынхаа даргыг тэрхүү авлигын мөнгөний хэрэгт холбоотой гэж олон нийтэд мэдээлсэн билээ.
Гэвч МАХН-ынхан Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байгаа хэмээн удаа дараа мэдэгдэж, Г.Шийлэгдамбыг урвагчаар дуудсаар өнөөг хүргэсэн юм.
Эх сурвалжуудын хэлж байгаагаар Н.Энхбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шүүхийн тогтоол ч гараад удаж байгаа аж. Гэхдээ намын даргаа хориулахгүй, гадуур байцаалгахаар УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ нар батлан даалтад хариуцаж авчээ. Хэн нэгнийг батлан даалтад авахдаа дуудсан цагт саадгүйгээр хуулийн байгууллагад очуулах үүргийг хүлээдэг. Энэ утгаараа Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ нар намын даргаа АТГ-аас дуудсан цагт нь саадгүй очуулах үүрэг хүлээсэн. Гэвч энэ үүргээ биелүүлэхгүй байгаа учраас тэдэнд ч гэсэн хуулийн хариуцлага тооцох нөхцөл үүсчээ. Түүнчлэн АТГ-аас өчигдрийн мэдэгдлээрээ дуудсан хугацаанд Н.Энхбаяр мэдүүлэг өгөхгүй бол албадан мэдүүлэг авна гэдгийг сануулах шиг боллоо. Албадан байцаана гэдэг тодорхой хугацаагаар хорьж саатуулна гэсэн үг. Хэрвээ “Байгаа газарт Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид очиж мэдүүлэг авъя” гэсэн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Н.Энхбаяр ч, Ц.Цолмонд ч,З.Баянсэлэнгэд ч хуулийн дагуу дараагийн арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн хэрэг болж байх шиг байна.
Б.Ариун