Сүүлийн үеийн улс төрийн сэдэв МҮҮН-ээс Женко руу шилжив. Учир нь түүний туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргад хэмээх эмэгтэйг хууль хяналтын байгууллагаас саатуулан сэжигтнээр тооцож, 14 хоногийн турш цагдан хорихоор болсон нь онцлох дуулиан байлаа. Түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатарыг мэдээлэл хийсэний дараа Х.Баттулгын эргэн тойрны хүмүүсийг цагдаагийн байгууллагынхан намнаж эхэлсэн нь ийнхүү олны анхаарлыг татсан хэрэг.
Цагдаагийн байгууллага түүний эргэн тойрны таван хүнийг шалгаж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга “Таван толгойн ордыг нэг компанид өгөхийг нь илчилсний төлөө миний туслахууд эрүү шүүлтэд орж байна” гэсэн юм.
Тэгвэл энэ удаа дуулиантай холбогдуулан түүний талаар хэн юу хэлсэнийг хүргэж байна.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн "Сүүлийн үед УИХын гишүүн Х.Баттулгын тухай асуудал гэгч олон түмний санаа бодлыг их үймүүлж шуугиан тарьж байна л даа. Тэгэхлээр монгол төр авлигачидтай тэмцэнэ, шударга ёсыг дээдэлнэ гэдэг энэ уриа лоозонг хэрэгжүүлж байгаа юм шиг дүр харагдаад байгаа юм. Гэтэл энэ асуудлыг яг нарийн тунгааж бодоод үзэх юм бол их олон талтай асуудал. Нэгдүгээрт нь өнгөрсөн хэдэн удаагийн сонгуулийн үеэс эхлээд л сонгууль дөхөөд ирэхлээр л авилгын эсрэг тэмцэл хүчтэй явж байна гэдэг сэтгэгдэл төрүүлэх ч гэдэг юм уу, эсвэл их хуралд байгаа нэгнийхээ нүүрийг дахиж хармааргүй байгаадаа тэгдэг юм уу нэг л их хэрэг мандуулдаг.
Тэгээд сонгуулийн дараа бүгд л чимээгүй болно л доо. Ингээд харахад Х.Баттулгын "хэрэг" гэдэг бол дахиад нөгөө ээлжит давталтын үед нь улс төрийн ашиг сонирхлын үүднээс өрнүүлж байгаа компанит ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм. Энэ бол Монгол төрийг үүсгэж байгуулах бидний зарчим, үзэл бодол өөрөө гажуудалд орсны нэг илрэл шүү дээ. Хоёр дахь асуудал нь яг тэр хөрөнгө мөнгө идсэн шамшигдуулсан гэсэн асуудал яриад байна. Энэ нь шүүхээр нотлогдоогүй асуудал. Бид олон талын мэдээлэл авч байна. Нэг талаас нь төрийнхний зүгээс ярьж байгаа зүйлүүд, сэтгүүлчдийн зүгээс ярьж байгаа зүйл, нөгөө талаар Х.Баттулгын өөрийн ярьж байгаа зүйл. Гэтэл бодит байдал асуудал яг юунаас үндэслэлтэй вэ гэдгийг бид бас өөрсдийнхөөрөө харж тунгааж чадна шүү дээ.
Гаднын "Самсунг" гэдэг компанийн л мөнгөтэй холбоотой юм байна. Гаднын компаний Монголын компанитай хэрэв санхүүгийн маргаан үүсгэж байгаа бол тэр иргэний хэргийнхээ шугамаар явахаас биш нэг улсын их хурлын гишүүнийг шүүх нь эрүүдээд унах явдал биш шүү дээ энэ чинь. Тэгэхлээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр Монголын улс төрд гаднынхны гар хөл бол их гүнзгий оржээ. Энэ бол зүгээр далимдуулж байгаа асуудал юм уу даа гэж би хувьдаа ойлгож байна. Ер нь бол УИХ-д Монголын томоохон бизнес бүлэглэлүүд байгаа гэдэг нь хэнд ч илэрхий.
Би тэднийг олигархи гэж хэлээд чамгүй л шүүмжилдэг юм. Х.Баттулга өөрөө баян хүн үү гэвэл баян хүн. Том Женко компанийн удирдагч уу гэвэл мөн. Гэхдээ бизнес бүхэн адилгүй. Олсон зөөсөн хурааснаа Монголынхоо төлөө, эх орныхоо төлөө гэж зориулж яваа, улс орон ч хөгжиж цэцэглэг, өөрийнх нь бизнес ч хөгжиж цэцэглэг гэхдээ улс орныхоо нэр төрийг дэлхийд өргөж яваа цөөхөн бизнесмений нэг нь энэ хүн шүү дээ.
Би юу гэж хэлэх гээд байна вэ? гэвэл их хуралд орсон бизнесийн бүлэглэлүүдийнхний дотор жаахан ухвал юм гарахгүй хүн бараг байхгүй дээ.
Нэг л хандлага хэлэх гээд байна л даа би. 1947 онд АНУ-ын ерөнхийлөгч байсан Труминг гэдэг хүн Сомосын тухай ярьсан байдаг. Сомос бол нохой нохой гэхдээ манай нохой гэсэн байдаг. Хоттой хонинд чонотой нийлсэн ноход орж ирчихээд байхад ганц өөдөөс нь хуцаж байгаа хоточ нохойгоо олны өмнө нийлээд зодоод эхэллээ. Ингээд бид нар өнөөдөр бизнесменүүдээ харахаар хэн нь эх орныхоо төлөө гэж явна, хэн нь бас гаднынхантай сүлбэлдэж тэдний гар хөл болоод явж байна вэ гэдгийг ялгаж харах ёстой юм” гэжээ.
Мөн түүний талаарх УИХ-ын гишүүн О.Баасанхүү жиргэжээ. Тэрбээр “ Женко, М.Энхболд, Н.Алтанхуяг нарт нэг сайн чанар бий. Тэд хэзээ ч багаа орхиж байгаагүй. Тэдний багт сайн ч хүн байгаа муу ч хүн байгаа” гэжээ. Түүнийг улс төр ажиглагчид Х.Баттулгатай их ойр хүн гэдэг. Учир нь Х.Баттулга Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч. Харин О.Баасанхүү Олон улсын жудо бөхийн холбооны академийн дэд ерөнхийлөгч. Гэхдээ тэрбээр үүнийг үгүйсгэдэг. Энэ талаар “Үнэнийг хэлэхэд би хэний ч хүн биш. Тэр тусмаа Женкогийн. Манай намынхан заримдаа намайг Женкотой айхтар харддаг. Н.Энхбаяр дарга хорих ангид өлсгөлөн зарлаад 11 хоноод яг амь тавих гэж байхад би ангийнхаа найз А.Гансүх дээр гүйж очоод “Женко” Х.Баттулгатай уулзуулаадах гэсэн юм. Тэгээд Женкогийн өрөө рүү дайрах шахан ороод “Н.Энхбаярын өмгөөлөгч байна. Хоёулаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч рүү явъя” гэсэн. Тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу яриад Н.Энхбаяр даргыг 461-ийн эмнэлэгт хэвтүүлсэн юм. Тэгээд өлсгөлөнгөө зогсоосон. Х.Баттулга Н.Энхбаярын амийг нь аварсан хүн. Гэтэл амийг нь аварсан хүний хүн гээд намайг хардах юм. Үнэндээ миний хувьд Х.Баттулга гишүүний зөв зүйлийг дэмжиж, бурууг буруутгадаг. Мөн нэг хэсэг намайг Н.Алтанхуягийн хүн гэж хардсан. Учир нь Л.Гансүх зөвлөхийн шүүх хурлыг шоронд хийхийг болиулсан учраас. Сүүлийн үед С.Баярцогтын хүн болж байна. Огцруулах бичгийг хэлэлцэхгүй болохоор С.Баярцогттой тохиролцсон гэж тэр л дээ” хэмээн ярьжээ.
Х.Тэмүүжин Х.Баттулгын талаар олигтой үг хэлдэггүй. Түүний талаарх хамгийн алдартай сенсаацийг Х.Баттулга тавьж найруулсан гэдэг хүн. Гэхдээ тэрбээр сүүлийн үед нам гүмхэн байгаа. Гэхдээ нэгэн жиргээчийн “Х.Тэмүүжин гишүүний шинэчлэлийг гацаагаагүй бол Женко өөрөө ингээд эмэгтэй хүн барьж хорилоо, хүний эрх зөрчлөө гэж гоншигнохгүй байв” гэсэн жиргээг шейр хийжээ. Өөрөөр хэлбэл үүнтэй санал нэг байгаа бололтой.