8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Амарсайхан: Дулаарчихлаа гээд анхаарлаа сулруулж болохгүй. Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их

2020-03-17 08:52:29

Хаврын улирал эхэлж гэр, байшингийн гадаад, дотоод агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэг учир Нийслэлийн Засаг дарга “Угаарын хийн хордлогоос сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346 тоот захирамж гаргасан.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд холбогдох албаныхантай нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Баянзүрх дүүрэгт ажиллаж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгалаа.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн 2-р хорооны иргэн Б.Далайцэрэнгийнх “Пийшингээс утаа гараад байна. Ханын пийшингээ хөөлүүлье” гэсэн дуудлагыг “Тавантолгой түлш” ХХК –ийн дуудлагын 70119400 утсанд өгсний дагуу холбогдох мэргэжлийн хүмүүс ирж, пийшинг хөөлөх болон бусад шаардлагатай зөвлөмж, зөвлөгөөг өгч ажиллаж байсан юм.

Хотын захирагч С.Амарсайхан “Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их байдаг учраас нийслэлээс аян өрнүүлж байгаа. Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд маань пийшин, зуухныхаа засвар үйлчилгээг хийж, яндангаа хөөлөн, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд учруулахгүй байхад онцгой анхаараасай гэж хүсэж байна. Одоо дулаарчихлаа гээд анхаарал болгоомжоо сулруулж огт болохгүй” гэдгийг гэрийн эзэгтэй Ш.Сайнзаяад онцолж хэлэв.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллах багууд хуваарилагдан ажиллаж байна. Багуудад холбогдох бүх мэргэжлийн байгууллагуудаас гадна дүүрэг, хороодын удирдлага, хэсгийн ахлагчид айлуудаар орж яндан хөөлөх, зуух пийшингээ битүүлэх, зөв галлагааны заавар зөвлөгөөг дагаж ажиллах гээд олон чиглэлд зөвлөмж, мэдээллийг хүргэж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Пийшингийн битүүмжлэл алдагдаж, шавардалт унасан, яндан хөөлөгдөөгүй гэсэн хэд хэдэн шалтгааны улмаас утаа гарсан байна гэдгийг “Тавантолгой түлш” ХХК-ийн холбогдох албаныхан Хотын Захирагчид танилцуулав.

 

Иргэн Ш.Сайнзаяа “10 гаруй жил ашиглаж байгаа зуух. 25 кг савлагаатай сайжруулсан шахмал түлшийг өдөрт гурав хувааж хэрэглэдэг. Түлшний хувьд ярих юмгүй сайн асдаг. Шаталт удаан байдаг. Утаа, агаарын бохирдол ч энэ жил мэдэгдэхүйц хэмжээнд буурсан” гэв.

Хотын Захирагчийн зүгээс Ш.Сайнзаяа болон бусад иргэдээс тулгамдаж буй ямар асуудал байгааг тодруулж асуун, санал сэтгэгдэл, хүсэлтийг нь сонсож, “Нийслэлийн утааг бууруулах энэ ажилд иргэн та бүхний оролцоо хамгийн чухал. Төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг дэмжиж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье” гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл