8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ

2020-03-06 12:00:00

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст гуравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд нийт 560 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 351-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

  • 2020 оны гуравдугаар сарын 5-ны шөнийн 00 цаг 05 минутын орчимд Өмнөговь аймгийн Цагаан-Овоо сумын Замын шанд нэгдүгээр багийн нутаг “Өнчин зооны энгэр” гэх газар Улаанбаатар чиглэлийн авто замд “Toyota Allion” маркийн П жолоочтой автомашины жолооч зам дээр түр зогсолт хийж машиныхаа дугуйг засаж байсан Mitsubishi Airtrek маркийн Ц жолоочтой автомашиныг мөргөж, жолооч 49 настай, эрэгтэй Ц-гийн амь насыг хохироосон
  • 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 19 цаг 49 минутын орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалантын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан замд “Hyundai Accent” маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, эмэгтэй Э-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 15,9 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 10,2 хувиар, хүний амь нас хохирсон осол 75,0 хувиар тус тус буурч, Зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүн 11,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл