8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Тамирчид осолдож, дуулиант баривчилгаа үргэлжилсэн өдөр

2016-03-18 18:52:00

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярын өнөөдөр тохиож байна. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрсдээ дахин баяр хүргэе. Эрчүүд минь хаа сайгүй баяраа тэмдэглэж байхад, зарим улс төрийн эрчүүд шүүхийн гадаа “өшөө олон баримт дэлгэнэ” хэмээн ширүүхэн мэдээлэл хийж, баярын өдөр шувтрах тийшээ хандаж байна. Ингээд шинэлэг бүхнээр дүүрэн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Талийгаач оюутан Алдарт уяачийн хүү байжээ

Энэ сарын 06-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон оюутан залуугийн цогцос олдсон харамсалтай хэргийн талаар бид өчигдөр мэдээллэсэн. Талийгаач залууг алга болсон өдрөөс эхлэн цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан аж. Цагдаагийн алба хаагчид айлын хашаанд байх нүхнээс нас барсан хүний цогцос олдлоо гэх мэдээллийн дагуу тус өдөр очиж шалгалтын ажиллагаа хийхэд талийгаач залуу гэрээсээ нэг гудамжны цаана байх үл таних айлын хашаанд, модоор хашсан хоёр метр орчим гүнтэй нүхэнд унаж амиа алдсан байжээ. Харамсалтай нь  талийгаач залуу алга болсон өдрөөс хойш долоо хоногийн дараа ийн амиа алдсан байдалтай олдсон юм. Талийгаачийн олдсон тус хашаа тухайн үед эзэнгүй байсан бөгөөд, хашааны эзэд хөдөөнөөс ирээд цогцос байгааг олж мэдэн цагдаагийн байгууллагад хандсан байна. Хэргийн газарт буюу ухсан нүхэнд  талийгаач хүү явган суусан, толгой нь хоёр хөлнийхөө хооронд тонгойсон байдалтай байсан гэх бөгөөд баруун ташаа нь шалбарч, хамраас нь цус гоожсон байсан хэмээн эх сурвалж мэдээлэлээ.

Талийгаач П гэж хэн бэ?

Талийгаач П энэ жил нэгдүгээр курсын оюутан бөгөөд ШУТИС сурдаг байсан аж.Тэрээр Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэр, Холбоо толгойн ... тоотод эгчийндээ амьдардаг байжээ. Хэрэг гардаг тухайн өдөр талийгаач хүү хамаатныхаа хоёр хүүхэдтэй, ахындаа архи уусан байна. Нэлээд архи ууж, согтсоны дараагаар хамаатныхаа залуучуудтай маргалдаж зодолдсон аж. Үүний дараагаар талийгаач хүү хөл нүцгэн гараад явсанаас хойш сураггүй алга болсон байна.  Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж уншина уу.

Агаарын дайн хийж байсан Вьетнамчуудаас Монголчууд илүү гайхалтай бууддаг байсан

 


Эр хүн бол гаднаа догшин сүр ихтэй ч сэтгэлдээ уяхан зөөлөн тийм  л нэг үл тайлагдах ертөнц байдаг. Чухамхүү эрчүүдэд л тэсвэр хатуужил,, зовлон бэрхшээл амьдралын хатуу хөтүү бүхнийг  туулан гарч гэр бүлээ цээжээрээ хамгаалах их  үүрэг оноогддог. Тэгвэл өнөөдөр дайны талбарт буцах эрхгүй тушаал авсан цэрэг шиг амьдралын өмнө ухралгүй зүтгэдэг бахархалт эрчүүдийн баярын өдөр тохиож байна. Энэ л өдөр “Амьдрал сайхан” булангаараа Шагдарын Мөнхжаргал хэмээх эгэл жирийн гэрийн эзэн, гэргийн хань болсон эрхэм хүмүүнийг ярилцлагын хоймор урилаа. Тэрээр төр барилцаж их хэргийг бүтээгээгүй ч ,  түмэн олныхоо дунд хөдөлмөрлөж өөрийн хөлсөөр амьдарч яваа эгэл жирийн Монгол эр хүн. Цагтаа тэрээр агаарын пуужингийн 028-р ангийн “Мөнгөн сум хамтлагт”  хөгжимчин хийж эрх орныхоо эр цэргийн албыг нэр төртэй хашилцаж явжээ. Одоо тэрээр хувиараа худалдаа эрхэлж амьдарч байна. Ингээд уншигч та бүхэнтэйгээ   эгэл жирийн Монгол эр хүний алдсан оносон амьдралын түүхээс хуваалцая.

- Сайн байна уу? Танд Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе. Уншигчиддаа өөрийгөө танилцуулна уу?

Баярлалаа. Намайг Шагдарын Мөнхжаргал гэдэг. Одоо энэ жил 54 хүрч байна.  Манай аав Архангай аймгийн уугуул .Харин би Улаанбаатар хотод  өссөн. Одоо энд эхнэртэйгээ хамт амьдарч байна даа.

- Өнөөдөр Монгол цэргийн баярын өдөр тохиож байна. Таны хувьд хаана цэргийн алба хаасан бэ?

Манай аав цэргийн хүн байсан. Насаараа цэргийн ангид ажилласан. Харин би аавыгаа дагаад цэргийн хүн болох сонирхолтой болсон. Социолизмын үед ихэнх хүүхдүүд наймдугаар анги төгсөөд л барилгын  ТЕМСТ явдаг байлаа шүү дээ. Харин надад агаарын пуужингийн 028-р ангид алба хаах хувь тохиож 15 настайдаа тус ангийн “Мөнгөн сум” хөгжмийн хамтлагт хөгжимчнөөр орсон. Тус ангид би зургаан жил алба хааж цэргийн амьдралын жаргал зовлонг мэдэрсэн дээ. Хөгжмийн бүх л зэмсэгээр тоглодог байсан. Ер нь миний хувьд цэргийн алба гэдэг бол эр хүний өөрийгөө шалгах сорьж үзэх том шалгуур гэж боддог. Бие бялдар, хүмүүжлээс авахуулаад тэндээс олон зүйлийг олж авна .  Социолизмын үед ард түмний боловсрол сайн байсан. Хөдөөнөөс ганц нэг бичиг үсэггүй  залуучууд ирээд л цэргийн албанаас юм бүхнийг сурч авдаг байлаа. Миний алба хааж байсан агаарын пуужингийн  028-р анги  дөрвөн  жилд нэг удаа ОХУ-ын Жит мужид очиж   буудлага хийдэг  байсан. Агаарын дайн хийж байсан Вьетнамчууд чинь давтан буудлага хийж байхад манай Монголчууд бол гайхалтай бууддаг байсан.

Бид хоёрыг ийнхүү ярилцаж байтал Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын үлээвэр хөгжимчдийн  хөгжимтэй парад бидний хажуугаар  алхлаа.   Ш.Мөнхжаргал гуай Монгол цэргийн сүр хүчийг хөг, ая эгшигтэй хамт үзүүлж байгаа цэрэг эрсийг харан сэтгэл  нь хөөрч “Тэр харж байна уу ахын дүү ах нь яг л залуудаа эд нар шиг ингээд л явж байлаа шдээ” хэмээн  сэтгэл догдлолтой хэлж харцанд нь баярын туяа цацарч балчир хүүхэд шиг хөөрөн догдоллоо. Бид үлээвэр хөгжимчдийн сүр ихт хөгжимт прадыг өнгөртөл нь харж жагсаал алсран одохуйд яриагаа ийнхүү үргэлжлүүллээ.

Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү.

Дээд шүүх С.Ганбаатар, Б.Найдалаа хоёрын алийг нь ч хүлээн зөвшөөрсөнгүй

Шинэхэн мэндэлсэн ХҮН хоёр даргатай, хоёр нарийн бичгийн даргатай болсон. Улс төрд орж ирж буй шинэ салхи хэмээн өөрсдийгөө тодорхойлсон ч харамсалтай дотроо хагаралдаж, зарим нь бүр намын тамгаа авч зугтаасан хэрэг ч гарсан. ХҮН-ын хоёр даргын асуудлыг өнөөдөр Улсын дээд шүүх нэг тийш болгож шийдвэрлэх байсан. Шүүх хурал өнөөдөр 11:00 цагаас Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимд болж ХҮН-ын дарга гэгдэх С.Ганбаатар, Б.Найдалаа нарыг алийг нь бүртгэхээс татгалзсан байна. Харин ХҮН-ын даргаар ажиллаж байсан С.Боргил буцаад ХҮН-ын дарга болсон гэсэн мэдээлэл байна. 

Дуулиант баривчилгаа үргэлжиллээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын бас нэг туслахыг нь баривчилжээ

Хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч мэдээлэл хийж, ЦЕГ-ын дарга Р.Чингис хууль бусаар сулласан хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг саатуулсан байна. Түүнийг  төмөр замын хэрэгт сэжигтнээр татсан байх магадлалтай гэж эх сурвалжууд хэлж байна. Харин өнгөрсөн шөнө УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтныг энэ сарын 16-ны өдөр баривчилсан талаар мэдээлэл хүргэсэн.

Тэгвэл өнөөдөр “Түмэн хишигтэн”-гийн захирал Ш.Эрдэнэтуяаг 04.00 цагийн орчимд гэрээс нь баривчилсан талаар Х.Баттулга дөнгөж саяхан мэдээллээ.  УИХ-ын гишүүн Х.Баттулга болон УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарыг шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгийг угааж улсад хохирол учруулсан хэргээр шалгаж байгаа билээ. Уг хэрэгт холбогдуулан Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчлан саатуулсан бол Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татсан гэх мэдээлэл байгаа юм. Г.Түвшинжаргалыг үргэлжлүүлэн  14 хоногоор хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Г.Түвшинжаргалыг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын 32 мянган га газрыг 3500 га болгон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзжээ. 

”Мишээл экспо”-гийн захирал Б.Энх-Амгаланг шалгаж эхэллээ

Мишээл Экспо” групп ХХК-ийн ерөнхий захирал Б.Энх-Амгаланг мөнгө залилсан хэрэгт буруутган шалгаж эхэлжээ. Түүнийг "Эх Монгол групп" ХХК-д түрээсийн гэрээ хийж өгөх нэрээр 25 сая төгрөг залилж авсан гэх гомдлыг хохирогч байгууллагаас гаргасан байна. Энэ гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст НИТХ-ын тэргүүлэгч, “Мишээл Экспо” групп ХХК-ийн захирал Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Ослын улмаас гурван хүүхэд газар дээрээ нас баржээ

Өвөрхангай аймагт тэмцээнд оролцохоор явсан тамирчин хүүхдүүдийн машин осолджээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотоос зургаан хүүхэд замдаа гарсан ч автомашиных нь дугуй буудаж замдаа осолдсон байна. Ослын улмаас гурван хүүхэд нь газар дээрээ нас барж, гурван хүүхэд хүнд бэртэл авчээ. Бэртэл авсан хүүхүүд яг одоо Өвөрхангай аймгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд нэг хүүхдийнх нь биеийн байдал маш хүнд байгаа гэнэ.

Цэцэг өвчний вакцинжуулалт хийж байна

 

Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг энэ сарын 12-ноос 22-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулахааар болcон. Энэ ажлын хүрээнд шаардлагатай вакцин, халдвар хамгааллын хувцас, бусад материалаар ханган мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, Онцгой байдлын газарт тус тус үүрэг болгосон юм.

Тус вакцинжуулалтын үйл ажиллагааны зардалд 26 сая 533 мянган төгрөг зарцуулахаар болсон байна.

Маргааш 20.30-21.30 цагийн хооронд гэрлээ унтраагаарай

Маргааш  гэрэл, цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалдаг “Эх дэлхийн цаг” тохионо. Тийм учраас маргааш  20.30-21.30 цагийн хооронд гэрлээ унтраагаарай.  “Эх дэлхийн цаг” нь эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй  тэмцэхэд хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн утгыг илэрхийлдэг хөдөлгөөн юм байна.

Өнөөдрийн үйл явдлыг цөөн үгээр

-Хүүхэлдэйн театрт “Театр 2016” Монгол-Германы хамтарсан сургалт боллоо. Улсын драмын эрдмийн театраас төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид болон ажилтнуудын мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Театр 2016” онол, практикийн сургалтыг театрын 85 жилийн ойн хүрээнд энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулана.

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл"-ийн нээлт "Бишрэлт плаза" зочид буудалд боллоо. АХБ-ны 25 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих энэ төсөл Монголын мэргэжлийн боловсролын салбарт цогц шинэчлэл хийлээ.

-НМХГ-ын хурлын танхимд шинээр батлагдан гарсан "Эрүүл ахуйн тухай хууль" 2016 оны 02 сарын 29-нөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Монголын эрүүл ахуйч, халдвар судлаачдад хандсан сургалт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

-Монгол Улс энэ жил Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварын дэлхийн аваргад анх удаа оролцлоо. Эх орноо дэлхийд төлөөлөх багийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан яаман дээрээ хүлээн авч үдэх ажиллагааг зохион байгуулав. Хараагүй, сонсголгүй, тэргэнцэртэй гээд хөгжлийн бэрхшээлтэй 11 хүн Францын Бордоод болох тэмцээнд 11 төрөлд ур чадвараа сорино.  

-Санхүүгийн зохицуулах хороо, МХБ, ЖАЙКА хамтран "Хувьцааг олон нийтэд санал болгох болон давхар бүртгэл" -ийн семинар Туушин Бэст Вэстэрн зочид буудалд боллоо. Энэ удаа хөрөнгийн зах зээлийн шинэчлэл. Онолоос зайлсхийх ойлголтын талаар хэлэлцлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment