8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Мөнхөө: Д.Сүхбаатар Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээж, улс орны хөгжлийн суурь тавихад түүхэн хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн

2020-02-03 11:51:40

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой өчигдөр /2020.02.02/ тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан 1921 оны ардын хувьсгалын их үйл хэргийг удирдан манлайлж, тусгаар тогтносон Монгол Улсыг цогцлооход чухал үүрэг гүйцэтгэсэн Д.Сүхбаатарын түүхэн гавьяа, түүний үйл хэрэг, үзэл баримтлал болон түүхт хүмүүсийг бид яагаад мартах учиргүй тухай, тусгаар тогтнол, тусгаар улс байхын үнэ цэнэ юу болох талаар “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө гуайтай цөөн хором ярилцлаа.  

 

-Жанжин Д.Сүхбаатарын Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, түүний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн тухай ахмад үеийнхэн маань мэднэ. Харин залуу хүмүүсийн хувьд энэ тухай төдийлөн сайн мэдэхгүй байх шиг. Өнөөдөр түүний мэндэлсний 127 жилийн ой тохиож байна. Тэгвэл бид яагаад энэ хүнийг дурсах ёстой, түүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, түүний үнэ цэнэ нь юу байв гэдэг талаар яриагаа эхэлье.  

 

- Энэ хүний ХХ зууны Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавьяа их. 1921 оны ардын хувьсгалыг удирдаж, эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн. Ингэхдээ хамгийн гол нь дэмжлэг авах хүмүүсээ зөв олж түшсэн байдаг. Хүн амын дунд эх орны төлөө гэсэн тэр агуу үзэл санааг  дэмждэг бүхэл бүтэн хөдөлгөөн бий болгож үр дүнд хүргэсэн. Д.Сүхбаатар жанжны гэр бүл нь хүртэл энэ хүний их үйлсийн төлөө зүтгэж байсан түүхэн баримтууд бий. ЗХУ-аас тусламж гуйхаар явах болж зардал мөнгө нь дутахад Түүний хань Нэмэндэйн Янжмаа нь гэрээ зараад явуулж байсан  түүхэн баримт байдаг. Хамгийн гол нь Агуу их түүхт Монгол үндэстнийг дараа үед өртөөлүүлэхийн төлөө, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө энэ хүмүүс бүхий л ухамсарт амьдрал, өөрсдийн бүх бололцоогоо дайчлан тухайн үеийн ард түмнийг сэхээрүүлж хойноосоо дагуулж чадсан нь агуу их гавьяа юм.  Д.Сүхбаатар ганцаараа тэмцээгүй. Тухайн үеийн хүн амын тодорхой хэсгийг өөрийн эх оронч үзэл санаагаар гэгээрүүлж араасаа дагуулж хамт тэмцэж чадсан нь энэ хүний агуу их үзэл санаа амжилт олох нэг том хөшүүрэг. Хоёрдугаарт, түших хүмүүсээ зөв сонгосон. Тухайн үеийн ажилчин, тариачны эрх ашгийг илэрхийлж байсан улс гүрний бодлоготой санаа оноогоо нэгтгэсэн нь их зөв зүйл болсон. 

 

Бид залуу үедээ ойлгуулах хэрэгтэй. Өчигдөргүй өнөөдөр гэж байдаггүй, өнөөдөргүй маргааш байдаггүй. Гэтэл зарим хүн өнөөдөр бүх зүйл бий болчихсон юм шиг ханддаг. Гэтэл өнөөдрийг бий болгохын төлөө өчигдөр өөрийнхөө амь нас, эрүүл мэнд, бүхий л амьдралаа зориулсан хүмүүсийн гавьяаг бид зөв үнэлж, зөв байрыг нь олгож түүний дэвшилтэт уламжлалаар залуу үеэ төлөвшүүлэх нь өнөө цагийн хүмүүсийн түүхэн үүрэг юм. Бид хэдэн зууны өмнөх Чингис хааны тухай өнөөдөр их ярьдаг. Үүнийг ярих нь зөв үү гэвэл зөв. Хүн төрөлхтний түүхэнд монголчуудыг үлдээсэн учраас Тэгвэл XX зууны эхэнд мөхөх шахаж байсан үндэстэн дахин тусгаар тогтнож сэргэн мандахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол Д.Сүхбаатар юм. Тухайн үед Монгол Улс 600 мянган хүн амтай төрсөн мянган хүүхдийн 500 нь ойдоо хүрэлгүй энддэг, төрүүлсэн 100 эхийн 13 нь төрөхийн хүндрэлээс болж нас барж байсан. Жил бүр хүн амын өсөлт нь буурч, Чингисийн Монгол мөхлөө гэгдэж монгол  судлаачид дуугаа авалцаж байсан үе шүү дээ.. Гэтэл энэ түүхэн эгзэгтэй үед Монгол орны тусгаар тогтнол, ард иргэдийн маргаашийн төлөө агуу үйлс бүтээсэн хүмүүсээ бид мартах учиргүй. Зөвхөн тусгаар тогтнолыг сэргээгээд зогсохгүй, Монгол үндэстнийг цааш нь хөгжүүлж, Монгол хүнийг эх оронч сэтгэлгээтэй болгох асар том бодлого хэрэгжүүлсэн. Шинэ Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах үндсэн хуульт улс гэдгийг байгуулж, сургууль, эмнэлэг гэх мэт хүн ардын төлөө гэсэн олон шинэ үйлс бүтээж эхэлсэн байдаг. Нарийн яривал олон хүн шүүмжилдэг ч би үүнийг эерэгээр хардаг. Феодалын хөрөнгийг хураагаад ядуу ардад хувааж өгсөн. Гэтэл бид 1990 оны өмч хувьчлалаар улсын өмчийг хэнд өгсөн юм. Хэн түүнийг хувааж авсан юм. Тэгвэл 1921 оны хувьсгалын дараах хувьчлалаар асар их хөрөнгөтэй хүмүүсийн хөрөнгийг хурааж жирийн ардад хувааж өгсөн байгаа юм. Хүмүүнлэг ардчилсан бодлого явж байсан гэдэг нь эндээс харагдаж байна. 

 

Д.Сүхбаатар төдийгүй түүний гэргий Н.Янжмаа гуай ч мөн хувьсгалын энэ түүхэн үйл хэрэгт оролцож байсан тухай дурдлаа. Нэмэндэйн Янжмаа гуай талаар та дэлгэрэнгүй ярихгүй юу?

 

Н.Янжмаа гуай бол Монголын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний түүхэнд түүхэн гавьяа байгуулсан хүн. Залуу сайхан насандаа хань ижлээ алдсан ч хувийн жаргалаа огоорч бүх л насаа түмний төлөө эмэгтэйчүүдийн төлөө зориулсан төрийн зүтгэлтэн.

 

 

 

1924 онд Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг гэх Азид анхдагчдын нэг болсон эмэгтэйчүүдийн байгууллагыг анх байгуулахад их хувь нэмэр оруулсан. Н.Янжмаа нь Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 17 жил  удирдсан байдаг. Эмэгтэйчүүдийг соёлжуулах бичиг үсэгтэй болгох, ахуйд соёл нэвтрүүлэхэд асар том ажил үүргийг манлайлж байсан хүн юм.

 

 

 

Жанжин Д.Сүхбаатар төдийгүй түүний гэргий нь ч Монголын ард түмний сайн сайхны төлөө бүхий л ухамсарт амьдралаа зориулж байсан түүхтэй гэр бүл. Тэгэхээр Монголын гэр бүл бүр дэвшилтэт соёл уламжлалыг тээж явах, залуу үеийнхнээ өсгөж өндийлгөж, төлөвшүүлж байх үүргийг хүлээх учиртай. Гэтэл гаднын хэл соёлыг гайхаж, хэт даган дуурайгаад байвал Монгол Улс орших, эс оршихын тухай ярихад маш ойрхон болж байгаа гэдгийг ойлгох ёстой.  

 

Монгол Улс орших эс оршихын тухай ярихад ойрхон байна гэж та хэллээ. Ер нь Тусгаар тогтнол, өөрийн хэл соёлтой тусгаар тогтносон улс байхын үнэ цэнэ юу юм бэ. Төрөхөд нь Монгол Улс тусгаар улс болчихсон байсан учраас одоогийн залуус тусгаар тогтнол бидэнд ямар их үнэ цэнээр олдсоныг төдийлөн сайн ойлгохгүй байх шиг? 

 

Энэ бол өнөөгийн бидний нэг дутагдал. Бид Монгол дархлаатай, Монгол бахархалтай Монгол хүн төлөвшүүлэх ёстой. Монголын энэ сайхан газар нутаг, мянга мянган жилийн соёлыг цааш цаашдаа хамгаалж явах дараа үеийнхнийгээ бид төлөвшүүлэх ёстой. Гэтэл гадаадад амьдрах гоё, гадаад руу л явъя гэсэн сонирхолтой, өнгө, мөнгө гэсэн хоёрхон үнэт зүйлтэй бүхэл бүтэн залуу үе өсчхөөд байна шүү дээ. Энэ бол зөвхөн Монголынх ч биш дэлхийн нийт залуу үеийнхнийг ийм болгож байгаа асар том технологийн эргүүлэгт орчихсон байгаа юм. Үүнийгээ бид ухаарч Монгол бахархалтай, Монгол дархлаатай Монгол хүнээ төлөвшүүлэх ёстой. Эмээ өвөөтэйгөө эх хэлээрээ ярьж чадахгүй хэчнээн ач зээ бий болчхоод байна вэ?

 

 

 

Монгол хэлээрээ зөв бичиж чадахгүй хэчнээн залуус байна. Бид гадаад хэл сурснаараа биш эхлээд Монгол хэлээ бүрэн дүүрэн эзэмшсэнээрээ зөв бичиж сурснаараа бахархах ёстой. Харин дараа нь бусад гадаад хэлийг сурах нь зөв юм. Бид үүн дээр алдаж байгаагаа бодолцох ёстой. Зарим залуус нүүдэлчний соёлыг хоцрогдол гэж ойлгож байна. XXI, XXII дугаар зуунд Монголыг авч үлдэх хамгийн том соёл бол нүүдэлчин соёлын дэвшилтэт уламжлал юм. Өөр юу чи биш. 

 

 

 

Д.Сүхбаатарыг Монгол Ардын Намыг үндэслэн байгуулагч хэмээдэг. Ирэх жил Монгол Ардын намын түүхт 100 жилийн ой болно. Та энэ намын ахмад гишүүн хүний хувьд Монгол Ардын Намын энэ түүхэн хугацаанд гүйцэтгэсэн хамгийн чухал ажил, үүрэг нь юу байсан гэж боддог вэ? 

 

-Би энэ намд элсээд 56 жил болж байна. Монгол Ардын Нам бол социал үзэлтэй. Социал үзэлтэй гэдэг нь жирийн хүний төлөө байдаг. Бүх л үйл ажиллагаагаа ард иргэдийнхээ төлөө явуулж, Монголын ард түмнийг боловсролтой, эрүүл болгосон нам. Энэ бол хүний хөгжлийн үндсэн суурь асуудал юм. Тийм учраас энэ намыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Түрүүн хэлсэн, XX зууны эхэнд Монгол Улс 600 мянга гаруйхан хүн амтай байсан гэж. Хүн амын 98 хувь нь бичиг үсэг мэдэхгүй, 100 мянган эрчүүдээ сүмд суулгачихсан байсан улсууд шүү дээ бид. Тэгээд жилээс жилд хүн амын өсөлт буурч байсан. Ийм улсыг гурван сая хүнтэй болгохын сацуу, ЮНЕСКО-д бүртгүүлж, бүх хүн амаа бичиг үсэгтэй болгосон цөөхөн анхдагч орнуудын нэг болсон. Хүн амаа боловсролтой болгох, соёлжуулах, хүний хөгжлийг дэмжих талаар Монгол Ардын Намын явуулсан 100 жилийн бодлого бол Монгол Улсын тусгаар тогтнол, өнөөдөр энэ зэрэгтэй явахад хамгийн том үүрэг гүйцэтгэсэн улс төрийн бодлого гэж хардаг. Би энэ намд оюутан байхдаа элсээд өнөөг хүртэл 56 жил явж байна. Монгол хүн сайн байгаасай, Монгол эх орон минь сайн байгаасай л гэж бодож явдгаас өөр ашиг сонирхол надад үгүй. Яагаад гэвэл  бидний  үеийхний залуу нас эх орны бүтээн  байгуулалт, хөгжил, амьдралаа  өөрсдийн гараар, хичээл зүтгэлээр, мэдлэг оюунаар, ахмад үеийн манлайлал дуурайлалаар бүтээж  байсан юм. Үүнд энэ  улс  төрийн  хүчний хөгжлийн  бодлого, хүний  төлөө гэсэн  социал үзэл шийдвэрлэх үүрэгтэй  байсан юм. Өнөөдөр ч энэ  ач  холбогдлоо алдаагүй байх учиртай гэж итгэж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл