8o
Улаанбаатар хот
mobile menu

Угаар мэдрэгч дохио өгсөн бол агаар сэлгэлт хийх шаардлагатайг анхаарууллаа

2020-01-31 09:00:00

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар болон цаг үеийн бусад асуудлаар  НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Яаралтай түргэн тусламжийн төвд дөрвөн өрхийн найман иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөмжийг өгч ажилласан. Угаарын хий мэдрэгчийг нуг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд 70 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах ажлын гүйцэтгэл 98 хувьтай байна.

Сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын иргэд түлж эхэлснээс хойш угаарын хийнд хордлоо гэх дуудлага аравдугаар сард 20 дуудлага бүртгэгдэж байсан бол арваннэгдүгээр сард 18 болж, арванхоёрдугаар сард 8 болтлоо буурч зарим өдөр дуудлагагүй хоносон. Онцгой байдлын газрын албан хаагчид, төрийн албан хаагчид гээд бүгд өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Сургууль цэцэрлэг ажиллахгүй байгаа энэ цаг үед эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна” гэлээ.

ИРГЭД УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧ ДОХИО ӨГСНИЙГ ҮЛ ТООН УГААРТАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулж ажилладаг. Хяналт шалгалтын үед 1.6 тонн нүүрс тээвэрлэн явсныг тогтоож, зөрчлийн хэрэг үүсгэн торгуулийн арга хэмжээ авсан.

Мөн иргэд угаарын хий мэдрэгч дохио өгснийг үл тоон угаартах эрсдэлтэй байна. Угаар мэдрэгч дохио өгсөн бол агаар сэлгэлт хийх шаардлагатай гэдгийг онцгойлон анхааруулмаар байна. Хичээл сургууль түр хаагдсан учраас ахмад настан, хүүхэд багачууд гэрт үлдэж байгаа болохоор ажиллагааны заавар зөвлөмжийг сайн дагах хэрэгтэй байна” гэлээ.

Нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон үед хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хараа хяналтаа сайжруулахыг албаныхан санууллаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл