-9o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт 29 үйлдвэр жилд дунджаар 300,000 гаруй тонн хог, хаягдлыг дахин боловсруулж, эргэлтэд оруулж байна

2020-01-16 09:34:49

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”, “Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай”, “Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам батлах тухай”, “Нийслэлйн ИТХ-ын ээлжит XXXI хуралдааныг товлох тухай” зэрэг есөн асуудал хэлэлцэж байна.

Улаанбаатар хотод хог хаягдлыг ачиж, тээвэрлэх үйл ажиллагааг нийслэлийн ИТХ-ын 2015 оны 86 дугаар тогтоолоор баталсан журмаар зохицуулж буй.

Хог хаягдлын тухай хуулийг УИХ-аас 2017 онд шинэчлэн найруулсантай холбогдуулан “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийг боловсруулсан бөгөөд нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXI хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих, эсэхийг хуралдааны эхэнд хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар хог хаягдлыг дахин боловсруулах 29 үйлдвэр нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэр жилд дунджаар 300 мянга гаруй тонн хог, хаягдлыг цуглуулж, дахин боловсруулах замаар эргэлтэд оруулж буй.

Гэвч хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх чиглэлээр  дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компаниудтай байгуулсан гэрээний гүйцэтгэл хангалтгүй, хяналт сул байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр онцоллоо. Мөн нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэж буй 306 машины олонх нь эвдрэл ихтэй байгаа аж.

нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэж буй 306 машины олонх нь эвдрэл ихтэй байгаа аж.

 

Тэгвэл уг журмаар найман төрлийн үйл ажиллагааг зохицуулж, хог хаягдлыг ачиж, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг нэгдсэн стандартад оруулж, удирдлага зохион байгуулалтыг нь сайжруулж, үйлчилгээний нэгдсэн хяналт удирдлагын тогтолцоонд орох юм.

Журмын төсөлтэй холбогдуулж Тэргүүлэгчид холбогдох албан тушаалтнуудаас тодруулга авч, санал хэлсэн юм. Тухайлбал, Тэргүүлэгч Б.Бямбадорж цас, мөсийг цуглуулсан даруйд ачихыг хугацаатай болгож өгсөн нь бодит байдалд хэр нийцэх, томоохон сүлжээ дэлгүүрүүд гаднаа хог хаягдлыг ангилах цэгтэй байх тусгасан, эсэх талаар лавлав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Аригууны хэлснээр журмын төсөлд хог хаягдлыг гараар цэвэрлэх үйл ажиллагааг бууруулж, хүний тоог цөөлөхөөр төсөлд тусгасныг дурдаад хог хаягдлыг эхний цэг дээр ангилан ялгахыг ч тодорхойлсон болохыг онцолсон.

Тодруулбал, хүн олон зорчдог газарт хог хаягдлыг ангилан ялгах хогийн сав хоёроос доошгүйг байршуулах ажээ.

Нийслэлийн ИТх-ын дарга Р.Дагва хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Тохижилт үйлчилгээний компаниудын суурь үзүүлэлт, хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааны хяналтын системийг сайжруулах ач холбогдолтой журмын төсөл байна. Гэхдээ зарим зүйлийг анхаарах хэрэгтэй.

Журмын 14 дүгээр зүйл байгууллагууд хог ангилах, ялгах цэг гаднаа байршуулах асуудлыг сайн дураараа хийх маягтай оруулсан байна. Уг нь хог хаягдлыг эргэлтэд оруулж, мөнгө болгож болно гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд журмаараа ойлгуулах нь чухал. Жилд 300 мянган тонн хог дахин боловсруулна гэдэг сайн мэдээ. Тиймээс журмын зарим заалтыг сайтар нягтлаарай” гэсэн юм.

Тэргүүлэгчид “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийг хэлэлцээд нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment