-1o
Улаанбаатар хот
mobile menu

ХАНШИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО БҮРДСЭН УЧИР АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ ЭРСДЭЛ ХАРЬЦАНГУЙ БАГА БОЛСОН

2020-01-03 12:59:24

Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуутай ярилцлаа.  

Сайн байна уу, Хөгжлийн банкнаас хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг харж байхад жил хүрэхгүй хугацаанд нэлээдгүй зүйл амжуулж, засаж залруулсан харагдаж байна. Хөгжлийн банкинд хийсэн гол өөрчлөлт шинэчлэлтийн талаар ярилцлагаа эхлүүлэх үү?

Юуны өмнө нийт банк санхүүнгийн салбарынхандаа улсынхаа хөгжилд оруулах үнэтэй ариун үйлсэд нь бартаа саадгүй өндөр амжилт, амьдралд нь аз хийморь, баяр баяслан дүүрэн байхыг хүсэн ерөөж шинэ оны мэнд дэвшүүлье.  

Аливаа бизнесийн байгууллага, тэр тусмаа хөгжиж буй эдийн засагтай оронд үйл ажиллагаа явуулж буй банк, санхүүгийн байгууллагуудын хувьд үүсдэг хамгийн том эрсдэлүүдийн нэг нь ханшийн эрсдэл бөгөөд уг эрсдэлийг удирдах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол өндөр хэмжээний алдагдал хүлээж үр өгөөжгүй ажилладаг. Монгол Улсын Хөгжлийн банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын зах зээлээс хямд эх үүсвэр татан төвлөрүүлж ажилласан ба татан төвлөрүүлсэн эх үүсвэрээр зээл олгох болон хүүгийн орлого олдог актив хөрөнгөд байршуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

Иймээс МУХБ-ны ханшийн эрсдэлийг удирдах, ирээдүйд учирч болох алдагдлаас урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд Монголбанк, АНУ-ын Жэй Пи Морган Чеиз банк, Францын Социат Женерал байгууллагатай своп хэлцлүүд байгуулж ажилласан.

Ханшийн эрсдэлийг хэрхэн оновчтой удирдаж байна вэ?

МУХБ-ны татан төвлөрүүлсэн гадаад валютын эх үүсвэрүүдийн ханшийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэггүйгээс жил бүр өндөр хэмжээний алдагдал хүлээж байсан бөгөөд 2016 онд хамгийн өндөр буюу 164.86 тэрбум төгрөгийн ханшийн тэгшитгэлийн алдагдалтай ажилласан байдаг.

Манай банк 2018 оны сүүлээс санхүүгийн үзүүлэлтүүдээ сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, ханшийн эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах талаар арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Үүний хүрээнд МУХБ-ны чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлүүдийн хэмжээг бууруулж, гадаад валютын нээлттэй позицийг бууруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүллээ. Бидний хувьд ханшийн тэгшитгэлээс хүлээсэн ашиг 2019 оны 12-р сарын 31-ний байдлаар 577,6 сая  төгрөг болоод  байна.

Та бүхэн зээлдэгчийн ханшийн эрсдэлийг хэрхэн бууруулж байна вэ?

Ханшийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо бүрдсэн учир алдагдал хүлээх эрсдэл харьцангуй бага болсон. Банк өөрийнхөө ханшийн эрсдэлийг оновчтой удирдаж байгаа тул дараагийн чухал эрсдэл болох зээлдэгчийн ханшийн эрсдэлийг удирдах хүрээнд төгрөгийн орлоготой төсөлд олгосон валютын зээлүүдийг төгрөгт хөрвүүлэх, нэмэлт зардалгүйгээр хөрвүүлэх арга хэмжээ авч ажиллалаа. 2019 ондоо багтааж эхний зээлүүд хөрвөх боломжтой болсон бөгөөд цаашид зээлдэгчид ханшийн эрсдэлгүй болно.

Хөгжлийн банкны олон улсын зах зээлд Засгийн газрын баталгаагүй арилжаалсан 500 сая ам.долларын зарцуулалтын тухай?

Ирээдүйд хүлээж болох хүүгийн зардал, эрсдэлийг багасгах зорилгоор арилжсан бондын  хөрөнгөөр МУХБ-ны богино хугацаатай, хөвөгч хүүтэй гадаад өрийг дахин санхүүжүүлэхтэй холбоотойгоор гадаадын банкнаас татан төвлөрүүлсэн 30.0 сая еврогийн зээлийн эх үүсвэрийг урьдчилан төлж өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэн эх үүсвэрийн зардлыг хэмнэхээр ажиллаж байна. Олон улсын өндөр зардалтай эх үүсвэрийг дахин санхүүжүүлэх нь МУХБ-ны хувьд ашигтай ба цэвэр эх үүсвэрийн зардлыг бууруулах боломжтой болсон.

МУХБ-наас цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар товчхон дурдахгүй юу?

Монгол Улсын Хөгжлийн банк нь цаашид активын чанар, ханшийн эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулах, тогтвортой хөгжлийг дэмжих томоохон төслүүдийг санхүүжүүлэх, үйл ажиллагааг төрөлжүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийх нь үйл ажиллагааны гол үүрэг юм.

 Монгол Улсын тэргүүлэгч санхүүгийн байгууллага, үйлдвэрлэл экспортыг дэмжигч банкны зүгээс болон хувиасаа тайлант 2019 онд амжилттай хамтран ажилласан итгэлт хамтрагч байгууллага, банкны нийт ажилтнууд та бүхэнд талархал илэрхийлж байна. Бид 2020 онд үйл ажиллагаандаа Монгол улсын хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх зорилт тавин ажиллах болно.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment