8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүтээн байгуулалтын нүргээнтэй Эрдэнэтийн уурхайчдын онцгой өдөр

2019-12-14 12:00:00

Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийнхэн 41 насны төрсөн өдөртөө  “тэвэр дүүрэн” бүтээн байгуулалт, ололт дэвшлээр бэлэг барьлаа. Тэртээ 1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орж, анхны зэс молибдены баяжмалаа экспортод гаргаж байв. Тэгвэл 41 дэх жилийнхээ босгон дээр  манлай үйлдвэрийн уурхайчид их бүтээн байгуулалтын хоёр дахь үеийг эхлүүлж, техник технологийн өөрчлөлт шинэчлэлийн олон ажлыг амжилттай амжуулжээ. Өөрөөр хэлбэл, тус хамт олон үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг ханган ажиллахын зэрэгцээ хүчин чадлаа нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, ажлын байрны орчин нөхцөлийг сайжрулахад “эргэлт” хийсэн  нэгэн оныг хамтдаа бүтээлээ. Үр дүнтэй, оновчтой хөрөнгө оруулалтын хүрээнд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Авто тээврийн цех зэрэг үндсэн болон бусад үйлдвэрлэлийн цех нэгжид техник технологийн шинэчлэл хийж, ашиглалтад хүлээн авав. Уулын тээврийн шинэ техникүүдийг  хүлээн авах үйл ажиллагаа Ил уурхайн 1280 дугаар түвшинд болсон бол технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтыг Баяжуулах үйлдвэрийн төв корпуст өлгийдлөө.

     Өнгөрсөн 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг уурхайчид өөрсдийн өндөр мэдлэг чадвар, арвин арга туршлага, нарийн зохион байгуулалтын давуу хүчээр бүтээж чадсаныг эл арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэмдэглэсэн. Тэрээр “Улиран одох гэж буй 2019 он уурхайчид та бидний хувьд ажил хөдөлмөрийн том ул мөрөө үлдээсэн жил боллоо. Энэ онд бид техник технологио боловсронгуй болгох замаар уурхайчид, ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал ажлыг төлөвлөж, гүйцэтгэлээ. Өнөөдөр бид энэ ажлаа дүгнэж, албан ёсоор хүлээн авч байна. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон бид энэ онд 420 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын шинэчлэл хийлээ. Үүний 20 сая орчим долларыг геологийн хайгуулын бүхий л цогц ажилд зориуллаа. Үр дүнд нь Эрдэнэтийн овоо, ойр орчим дох нөөцийг цаашид 60 жил ажиллах боломжтой гэдгийг тогтоосон. Мөн хоёр хоногийн өмнө манай  Геологи хайгуулын ангийг Геологи хайгуулын экспедиц болгон цар хүрээ, статусыг өргөжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь бидний энэ ажлын үр дүн гэдгийг нийт уурхайчдадаа баяртайгаар дуулгая. Бид техникийн болоод технологийн бодлоготой ажиллаж байгаа. Эдгээр шинэчлэл, бүтээн байгуулалтаа энэхүү бодлогын хүрээнд хийж буйг онцлоё. Ингээд бүтээн байгуулалтын ажилд баг болон гар сэтгэл нийлж, ур дүй,  ухаан чадал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан уурхайчид, инженер техникийн ажилтнууд, энд оролцсон бүх хүмүүст талархлаа илэрхийлье” хэмээн үргэлжлүүлэн хэллээ. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жилд Эрдэнэт үйлдвэрийнхэн алсын хараатай,  ажлын байрны орчин нөхцөлийг илүү боловсронгуй түвшинд хүргэсэн шинэчлэл хийж чадсаныг мэргэжилтнүүд энэ үеэр үнэлэв.

   Эрдэнэтийн үйлдвэрийн баяжуулагчид Зэс молибдены баяжмалыг салгах, молибдены баяжуулалтын дамжлагыг шинэчилж, Бутлан тээвэрлэх хэсгийн 13 дугаарбутлуурыг МР-800 маркийн бутлуураар сольж, суурилуулжээ. Ингэснээр баяжуулалтын фронтыг  нэмэгдүүлж, молибдены металл авалтыг 1 хувиар өсгөн жилд 1.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох боломж бүрдэж байна. Ашиглалтын зардал буурах, ажлын байрны нөхцөл сайжрах, хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн таатай орчин бий болгох зэрэг олон давуу тал молибдены нөөц шугамд шингэжээ.

    Харин МР-800 бутлуур нь Финляндулсын  METSO фирмийн нэрийн бүтээгдэхүүн.  Нэг цагт 650 тоннхүдэр бутлах хүчин чадалтай,  хасах 10мм-ийн ангийн агуулгыг 60 хувьд хүртэл бутлах техникийн өндөр үзүүлэлттэй.Эл бутлуурыг ашиглалтад хүлээн авснаар нэгдүгээр шатны хүдэр нунтаглалтын бөөрөнцөгт тээрмүүдийн цагийн ачааллыг нэмэгдүүлж, жилд 95.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрджээ. Баяжуулах үйлдвэрт хийгдсэн дараагийн ажил нь хүдэр нунтаглалтын 7 дугаар тээрэм шинэчлэл. Украйн улсын НКМЗ үйлдвэрийн  МШЦ 5.5*6.5 маркийн шинэ тээрэм нь 140 метр.кубын багтаамжтай, цагт 280 тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай. Жилд 1.2 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашгийг үйлдвэрлэлд авчрах юм байна.

   Уулынхан харин 32.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай техникийн шинэчлэл хийж, уулын хэсэгтээ ОХУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн ЭКГ-12К маркийн экскаватор хоёрширхэг, Зам овоолгын хэсэгт Катерпиллер 16М маркийн шинэ загварын автогрейдер, Комацу фирмийн Д-275А гинжит бульдозер, 1.2 кубын шанагатай ПС-220 жижиг оврын экскаватораар хүч сэлбээд байна. Ил уурхайнхны ур ухаан, хөдөлмөр зүтгэлээр уурхайн мөргөцөгт дүнхийх 12.5 метр кубын багтаамжтай шанага бүхийЭКГ-12 экскаватор нь цахилгаан зарцуулалтыг 30 хувиар хэмнэх аж.

     Хөрөнгө оруулалтын жилийн бүтээн байгуулалт Засвар механикийн заводад Усаар зүсэгч машин хүлээн авснаар үргэлжилжээ. Польш улсын КИМЛА фирмийн тоон удирдлагатай Waterjet-2161 маркийн суурь машиныг Монголд анх удаа ашиглаж буй бөгөөд нь  резин, мод, шил, чулуу, хуванцар, хар болон өнгөт металл зэрэг бүхий л төрлийн хуудсан материалыг ус болон абразив ширхэгтхолимгийн тусламжтайгаар  зүсэх зориулалттай  орчин үеийн ухаалаг суурь машин юм. Энэхүүсуурь машиныг ашигласнаар  гадаргуугийн боловсруулалтын цэвэршилт сайжирч, зарим технологийн ажилбар дамжихгүй,  хэрэглэгчдэд шууд хүрэх боломжтой. Цахилгаан эрчим хүчний өндөр хэмнэлттэй,  утаа униаргүй,  дуу чимээ багатай зэрэг үзүүлэлт нь  ажилчдын эрүүл мэнд, үйлдвэрлэлийн бүтээмжид эерэгээр нөлөөлнө.

    Энэ жилд Эрдэнэт үйлдвэрийнхэн Хаягдлын аж ахуйн хаягдлын санд 4М далан, холбох суваг шинээр барьсан ньЭрдэнэт үйлдвэрийнтүүхэнд анхны том хэмжээний холбох суваг  болсон гэж мэргэжилтнүүд онцоллоо.Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хаягдлын санд өвлийн хаялтын 4М далан, холбох сувгийн хамт  барьж байгуулах ажлыг  Баяжуулах үйлдвэр,Үйлдвэрлэлийн хэлтэс, Техникийн хэлтэс, Авто тээврийн цех, Ил уурхай, Геологи маркшейдерийн хэлтэс, Инженерийн зураг төслийн төв, Геологи хайгуулын анги, Барилга, байгууламж хяналт, төлөвлөлтийн хэлтэс зэрэг цех,нэгжээс  бүрдсэн ажлын хэсэг 140 хоногт гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгчээ.  Төслийн хүрээнд Хаягдлын сангийн өвлийн хаялтын хэсэгт 1 648 метр урт, 6 метр өндөр 4М даланг 129 500 метр.куб уулын цул, 107 500 метр.куб элсээр барьж байгуулсан бол холбох сувгийг барихад нийт 240 564 метр.куб уулын цул тээвэрлэх ажил гүйцэтгэсэн байна. Эргэлтийн усны холбох суваг нь 604 метрийн урт, 24 метрийн өндөртэй.4М далан, холбох сувгийн цогц бүтээн байгуулалт нь Хаягдлын сангийн насжилтыг 4-6 жилээр уртасган, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахад ихээхэн ач холбогдолтой хөрөнгө оруулалт болжээ. 

    Түүнчлэн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт Telsmidthфирмийн SBSмаркийн цагт 130 тонн хүдэр бутлах хүчин чадалтай тоног төхөөрөмж суурилуулж,  Хам баяжуулалтын 1-р ээлжийн 205 дугаар хөвүүлэн баяжуулах машины эд ангийг шинэчилжээ. Шүүн хатаах хэсэгт молибдены даралтат шүүлтүүр  угсарч суурилуулсан нь  ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулж, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай  ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Авто тээврийн цехэд дизель түлш хадгалах, түгээх 50 метр кубын багтаамжтай, ухаалаг карт уншигч бүхий Шатахуун түгээх станц суурилуулж, хүнд даацын өөрөө буулгагч БелАЗ-75131 загварын 130 тоннын даацтай 2 авто машин шинээр хүлээн авлаа. Засвар механикийн заводын Механик цехэд металл боловсруулах СNС тоон удирдлагатай фрезерийн суурь машиныг ашиглалтад оруулав. Мөн Ган бөөрөнцөгийн цехэд индукцийн зуух бүхий хос цувих шугамын технологи нэвтрүүлж байна.  Энэхүү технологи нэвтэрснээр ган бөөрөнцөгийн чанар сайжирч, хувийн зарцуулалт багасахын зэрэгцээ ажлын байрны нөхцөл эрс дээшилж, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах олон эерэг үзүүлэлтийг өгнө. Дулааны Цахилгаан Станцын 3 дугаар зуухны их засвар хийгдэж, 2.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий  ихзасварын ажлыг Улаанбаатар хотын “Мон Илч” компани 160 хоногт багтаан гүйцэтгэлээ.3 дугаар зууханд их засвар хийснээр үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах, өвөл зуны горимд ДЦС тогтвортой, найдвартай ажиллах боломжийг нэмэгдүүлжээ.

    Үйлдвэрлэлд хийгдсэн эдгээр бүтээн байгуулалтын ажлын үр өгөөжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх тодорхойлохдоо  “ Энэ бүх шинэчлэлийн ажлын үр дүнд үйлдвэрлэлийн бүтээмжээ өсгөнө. Хүдэр дэх металлын агуулга буурч буй энэ үед эцсийн бүтээгдэхүүнийхээ хэвийн хэмжээг хадгалж, борлуулалтын орлогоо бууруулахгүй барихын тулд боловсруулалтаа нэмэх нэг арга байгаа. Тэгэхээр шинэчлэлийн үр дүнд  боловсруулалт нэмэгдүүлэх  хүчин чадалтай болж байна гэсэн үг. Нөгөө талаар, техникийн болон технологийн үзүүлэлтүүд сайжирна. Хамгийн гол өгөөж гэвэл, тоног төхөөрөмжийн хувийн зардал багасч, нэг тонн хүдэр боловсруулах өөрийн өртөг буурна. Ингэснээр үйлдвэрлэлийн үр ашиг дээшилж,тэр хэрээр  ажиллагсдын бодит орлого нэмэгдэнэ. Техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтууд дээрх үр өгөөжөө тун удахгүй өгч эхэлнэ. Нэг тодорхой жишээ хэлэхэд, 4 дүгээр сард манай уурхайчид өөрсдийн хүчээр угсарч ашиглалтад оруулсан ЭКГ-12К экскаватор өнөөг хүртэл 7 сарын хугацаанд ажиллахдаа 755 сая төгрөгийн цахилгааны зарцуулалтын хэмнэлт өгсөн. Мөн бүтээмж 20 гаруй хувиар өссөн. Зөвхөн нэг техникийн үзүүлж буй үр ашгийг харахад ийм тооцоо гарч байгаа. Тэгэхээр бидний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдсэн шинэчлэл, техник тоног төхөөрөмж бүхэн үр ашгаа өгнө гэдгийг баттай хэлье” гэж онцолсон.

    Бүтээн байгуулалт нүргэлж, хөдөлмөр оргилсон энэ өдрийг уурхайчидтай хамт Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын орлогч дарга У.Бямбасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Г.Шархүү, хамтран ажиллагч “Flsmidth” ХХК-ийн Ази номхон далайн бүсийг хариуцсан Ерөнхийлөгч Денис Фринч, “ИЗ-Картекс”компанийн төлөөлөгч Г.М.Елякин нарын хүндэт зочид, үйлдвэрийн удирдлагын баг, албаны хүмүүс хамт угтлаа.

    Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  “Хөрөнгө оруулалт-2019” жилийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалт, техник технологийн ажлаа албан ёсоор ашиглалтад хүлээн авч, үйлдвэрийн хөгжлийн нэгэн шинэ хуудсаа эргүүлэв. 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл