-12o
Улаанбаатар хот
mobile menu

2030 он гэхэд дөрвөн сая хүн амтай болох төлөв гарчээ

2019-11-14 12:30:00

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөөллийн талаар сайд С.Чинзориг танилцууав. Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 2030 онд дөрвөн сая, 2045 онд таван сая хүрэх төлөвтэй байна. Хэдийгээр төрөлт тогтвортой өсч байгаа ч ахмад настны тоо илүү хурдацтай өсч, нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 2030 онд 12.9 хувь, 2045 онд 16.3 хувь болж одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх нь. Иймээс хүн амын өсөлтийг дэмжих, өсвөр үе, залуучуудын хөгжил, нийгмийн хамгааллыг нь сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ. Төсөөлөлд тусгаснаас үзвэл нийгмийн хамгааллын үйлчилгээг оновчтой болгож, зорилтот бүлэгт шилжүүлнэ, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр нэмэх юм. Мөн тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийн олон давхаргат тогтолцоо бүрдүүлж, үе шаттай нэвтрүүлнэ. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх бодлого хэрэгжүүлэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм. Цалингийн бодит өсөлтийг хангахуйц хэмжээгээр цалинг үе шаттай нэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх замаар бага цалинтай хэсгийн эзлэх хувийн жинг бууруулна. Бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх байр, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын салбар дундын дадлагын бааз, Улаанбаатар хотод Ахмадын үйлчилгээний төв, мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв, хүүхдийн зуслан, хүүхэд хамгааллын үйлчилгээний цогцолбор зэргийг барьж байгуулахаар тусгасан байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment