-12o
Улаанбаатар хот
mobile menu

Найман аймагт хуванцар хог бутлагч машин хүлээлгэн өглөө

2019-11-13 11:00:00

БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд 8 аймагт хуванцар хог бутлагч, овор хэмжээ ихтэй хог хаягдлын эзэлхүүнийг багасгах машиныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хүлээлгэж өглөө. Увс, Говь-Алтай, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар энэхүү машинуудыг хүлээж авсан бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт хуванцар сав нягтруулан шахах, бутлагч төхөөрөмж суурилуулж, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих төсөлд шалгарсан “Мог пластик” ХХК-ийнхан менежментийг нь хариуцаж ажиллана.


Бутлагч машин нь 1 цагт 300 кг хуванцарыг бутлах хүчин чадалтай бол овор хэмжээ багагсгагч нь 60 тоннын даралтаар цаас, хуванцар, гялгар уут, лааз, овор хэмжээ ихтэй хог хаягдлыг шахах хүчин чадалтай юм. Эдгээр машинаар буталж, овор хэмжээг нь багасгасан хогийг Уланбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа хуванцар дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн түүхий болгон нийлүүлэх юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Хог хаягдлыг ангилж, овор хэмжээг нь бууруулснаар тээвэрлэлтийн зардал багасна

 

 

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “БОАЖЯ-наас Хандлагаа өөрчилье багц ажлын хүрээнд хог хаягдлыг бууруулах чиглэлээр иргэдийн ухамсрыг өөрчлөх нөлөөллийн ажлуудыг амжилттай зохион байгуулсан. Тухайлбал, Цэвэрхэн шинэлцгээе, Цэвэрхэн наадацгаая, Хоггүй цэвэрхэн Монгол аянууд юм. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилахаас эхлээд овор хэмжээг нь бууруулж чадвал тээвэрлэлтийн зардал буухараас гадна дахин боловсруулалт нэмэгдэх юм. Тиймээс БОАЖЯ-ны зүгээс Хоггүй цэвэрхэн Монгол аяны хүрээнд орон нутагт хуванцар сав нягтруулан шахах, бутлагч төхөөрөмж суурилуулж, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих төсөл зарласан. Улаанбаатарт хуванцар дахин боловсруулах 13 үйлдвэр жилд 30 мянган тонн хогийг дахин боловсруулах хүчин чадалтай ч түүхий эдийн дутагдлаас болоод бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Харин энэхүү машинуудыг 8 аймагт хүлээлгэж өгснөөр түүхий эд тодорхой хэмжээнд нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Нөгөөтэйгүүр иргэдийг хогоо ангилж хаях дадалд сургах томоохон түлхэц болно гэж тооцоолж байгаа юм” хэмээсэн юм.


Улаанбаатарт ус, ундааны сав дахин боловсруулах “Мог пластик”, “Од пластик”, “Сан-Оргиу”, “Пластик центр”, “Ганган-Анд”, “Жин хургуй”, “Ти Эм Эл” зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment