8o
Улаанбаатар хот
mobile menu

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 81 хувь өсчээ

2019-11-08 11:36:00

Мал хулгайлах гэмт хэрэг 2019 оны эхний арван сарын байдлаар 1637 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 664 хэргээр буюу 81.0 хувиар өссөн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл мэдээллээ.

Өчигдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын талаар малчид, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг зохион байгуулах үеэр дээрх мэдээллийг өгчээ.

Л.Нямгэрэл мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга  хэмжээний тухай танилцуулагадаа “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2004 онд батлан гаргаснаас хойш хүчин төгөлдөр мөрдөж байна” гээд уг хуулийг шинэчилсэн найруулгаар бэлтгэх Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсэг ажиллаж байгааг дурдлаа.

Зүүн бүсийн аймгууд болон төв аймагт мал хулгайлах гэмт хэрэг өндөр үзүүлэлттэй, мөн баруун чиглэлийн аймгуудад хил дамнасан малын хулгайн гаралт өндөр байдаг аж.

Үргэлжлүүлэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн  дарга, дэд хурандаа Н.Мэндбаяр малын хулгайн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. 

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн малын хулгайн гэмт хэргийн  90 гаруй хувь нь хөдөө орон нутагт, 10 орчим хувь нь нийслэлд бүртгэгдсэн зэрэг малын хулгайтай холбоотой тоон мэдээллүүдийг дурьдаад энэ төрлийн гэмт хэрэг өсч байгаа шалтгааныг танилцуулав. 

Мал, мах, малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл, худалдаа хяналтгүй болсон нь малын хулгай өсөхөд нөлөөлж байгааг тэрбээр онцоллоо. 

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын гавьяат малчин О.Дорж “Малын хулгай дэлхийд байхгүй, ганцхан Монголд гардаг өвөрмөц онцлогтой учир УИХ-аар баталсан хуулийг батлагдсан цаг, өдрөөс нь хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна” хэмээн саналаа хэлсэн байна.

Хэлэлцүүлгээс малыг бүртгэлжүүлэх нэгдсэн системтэй болох, гарал үүслийн гэрчилгээг QR кодтой болгох замаар хяналтын механизмыг боловсронгуй болгох, бүлэглэж болон давтан мал хулгайлсан, мөн өндөр ашиг шимтэй мал хулгайлсан хэрэгт оноох ял, шийтгэлийг чангатгах зэрэг саналуудыг иргэд, байгууллагаас гаргасан юм. 

Төгсгөлд нь, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, “Мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлоготой холбоотой Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар та бүхний гаргасан саналыг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ. 

Мөн, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, холбогдох дүрэм журмуудын хоорондын зөрчил, давхардалтай холбоотой асуудлаар гаргасан саналыг нэгтгэн зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлнэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment