8o
Улаанбаатар хот
mobile menu

Арабын нэгдсэн Эмират улсын ЭСЯ Улаанбаатарт нээгдлээ

2016-03-15 15:31:00

Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улстай 1996 онд дипломат харилцаа тогтоосон. Тус улс нь Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн бөгөөд газрын тос, байгалийн хийн арвин нөөцөө тулгуурлан санхүү, эрчим хүч, аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлж, идэвхтэй гадаад бодлого баримтлахын зэрэгцээ, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг төрийн зүгээс эрчимтэй дэмжих бодлого баримталдаг орнуудын нэг.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Заид Аль Нахъяны 2014 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохиролцсоны дагуу 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тус улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотноо нээгдэн үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. АНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Эрхэмсэг ноён Абдулла Тинижи 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ИЖБ-гээ өргөн барьсан.

Арабын Нэгдсэн Эмират Улс Монгол Улсад хэрэгжсэн Тайширын усан цахилгаан станцын төслийн санхүүжилтэд зориулан 13 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Түүнчлэн Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сантай тогтоосон харилцааны хүрээнд Монгол Улсад хэрэгжих төслүүдэд хөрөнгө оруулалт татах, монголын бараа бүтээгдэхүүн тэр дундаа мах, махан бүтээгдэхүүнийг Ойрхи Дорнодын орнуудад экспортлох зэргээр хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа ойрын жилүүдэд эрчимтэй өргөжих төлөвтэй байна.

Мөн Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хот нь дэлхийн санхүү, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, агаарын тээврийн томоохон зангилаа төв болсон тул тус хотод албан болон хувийн хэргээр зорих Монгол Улсын иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэх болсон. Монгол Улсын иргэний агаарын тээврийн МИАТ компани тус хотод 2015 онд нийт 15 удаагийн захиалгат нислэг үйлдэж, нислэгээр нийт 180 гаруй Монголын иргэд зорчсон бол АНЭУ-ын Флай Дубай компани Монгол Улсад шууд нислэг үйлдэх чиглэлээр сонирхлоо илэрхийлж, хоёр талын “Агаарын харилцааны тухай хэлэлцээ”-г байгуулаад байгаа болно.

Мөн Эмират Улсад албан болон хувийн шугамаар зорчих иргэдийн визийг Улаанбаатар хотоос мэдүүлэх боломж удахгүй бүрдэх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment